М.Блумберг телевизийн мэтгэлцээнд оролцоно
АНУ-ын Нью-Йорк муж улсын Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн телевизийн мэтгэлцээнд анх удаа оролцохоор болжээ.
Ардчилсан намын сунгаанд өнгөрсөн оны 11 дүгээр сараас өрсөлдөж эхэлсэн М.Блумберг Невада муж улсын Лас-Вегас хотноо лхагва гарагт болох мэтгэлцээнд оролцоно гэж түүний кампанит ажлыг хариуцсан менежер мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Өдгөө 78 настай М.Блумберг санал асуулгын дүнгээр хангалттай дэмжлэг авснаар мэтгэлцээнд оролцох эрх авсан нь энэ юм. Мягмар гарагт танилцуулсан “NPR/PBS NewsHour/Marist” санал асуулгын дүнгээс үзэхэд М.Блумберг 19 хувийн саналаар хоёрдугаарт жагссан бөгөөд нэгдүгээр байрт 31 хувийн санал авсан Берни Сандерс бичигдсэн байна.