Жижиг дунд бизнесийг дэмжих АНУ-ын Засгийн газрын "БЭСТ" хөтөлбөр эхэллээ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-аар төлөөлүүлсэн АНУ-ын Засгийн газрын 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” "БЭСТ" хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клечески нар оролцов.
Таван жилийн хугацаанд Монгол Улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой уг төслийг Улаанбаатар хотоос гадна 12 аймагт хэрэгжүүлэх юм.
Элчин сайд Майкл С. Клечески: ” Жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин гэж АНУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрдөг” гээд, энэхүү шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болж, компанийн засаглалыг сайжруулах, улс орны эдийн засгийн бие даах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
2016 оноос хойш АНУ-ын ОУХА санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 750 жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк санхүүгийн байгууллагад зуучлан холбож, тэднээр дамжуулан 600 ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалтаа 20 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажиллажээ гэж АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.