Хогоо дахин боловсруулах “үйлчилгээний гүүр”-тэй болжээ
“Zero waste” буюу тэг хаягдалтай амьдрах хэв маяг дэлхий нийтэд трэнд болж байна. Ачаалал нь улам ихсэж байгаа цэнхэр гаригаа унаган төрхөөр нь илүү олон жил хадгалж, хамгаалахын тулд хүн төрөлхтөн өнөөдөр аль болох хаягдалгүй амьдрахаас аргагүй. “Зууны мэдээ” сонин “Тэг хаягдал” булангийн ээлжит нийтлэлээр хаягдал дахивар хогоо дахин боловсруулах үйлдвэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг “Царцаа ногоон” төслийн талаар сурвалжиллаа. Тус үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй байх үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан учраас бид онцолж буй гэдгийг дурдах нь зүйтэй.
Монголчууд жилдээ 2.3 сая тонн хог үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж буй хогийг мөнгөөр үнэлбэл чамгүй их тоо гарна. Зөвхөн хог хаягдлаар Монгол Улс жилдээ 2.3 сая долларыг алддаг гэсэн тоо баримт ч бий. Үүний 1.4 сая тонныг нь нийслэлчүүд гаргадаг гэсэн тоо баримтыг Байгаль орчны яамнаас гаргасан байдаг. Гэхдээ энэ хог хаягдлынхаа дөнгөж ганцхан хувийг эргэн ашигладаг. Энэ их хог хаанаас гардаг вэ. 15 хувь нь барилга байгууламжаас, 25 хувь нь үнс, харин 60 хувь нь ахуйн хэрэглээний хог хаягдал юм. Үүнийхээ 70 хувийг нь булж устгаад үлдсэнийх нь маш өчүүхэн хувийг эргүүлж ашигладаг байна. Үнэндээ бол нийт гарч буй хогны 70-80 хувийг эргүүлж ашиглаж болох боломжтой юм. Харин бид хог хаягдлынхаа дөнгөж хоёрхон хувийг дахин боловсруулж байна. Айл өрхийн хаягдлын 60 орчим хувь нь дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг аж. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.1 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү. Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж байгаа юм. Гэвч үйлдвэрүүд ихэвчлэн хотын захаар байрлалтай учраас иргэд тэр бүр үйлдвэрт дахивар хогоо ангилан хүргэж өгч чаддаггүй. “Царцаа ногоон” төсөл анх “Хогоо багасгая” фэйсбүүк хуудсаараа дамжуулан айл өрхүүдэд хог хаягдлыг ангилан ялгах талаар болон тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан хэрэглээгээ багасгах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг чухал ойлголтуудын талаар сурталчилж байсан аж. Тэр санаачилга нь олон нийтийн сүлжээнд хөдөлгөөн болон өрнөжээ.
Баянзүрх дүүргийн иргэн С.Мөнхнаран “Гялгар уут, цаас, хуванцар зэрэг хогоо ангилж хаяхыг хичээдэг. Гэхдээ түүнийгээ дахин боловсруулах үйлдвэрт аваачих нь бараг л боломжгүй зүйл. Машингүй учир их хэмжээгээр хуримтлуулсан дахивараа хол газар авч явахад бэрх. Тиймээс хогийн машин ирэнгүүт ачуулчихдаг” гэдгийг хэлж байлаа.
“Царцаа ногоон”-д төлж буй төлбөр иргэн таны өмнөөс хүргэж буй үйлчилгээ
“Царцаа ногоон” дуудлагын дахивар тээврийн үйлчилгээг санаачлагч Б.Саруул “Иргэдийн ангилан ялгачихсан хог хаягдлыг зөөвөрлөдөг тээврийн үйлчилгээ заавал байх шаардлагатай юм байна гэдгийг олж харсан. Ингэхдээ тэр үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэх биш, бүтэн нэг систем байвал үр дүнгээ үзүүлнэ гэж үзээд “Царцаа ногоон” гэх үйлчилгээг бий болгохоор зорьсон. 2018 оны наймдугаар сараас эхэлсэн. Намайг бага байхад царцаа ногоон гэж нэрлэсэн АН-2 онгоц байдаг байсан. Тэрэн шиг айл өрхүүдэд нисээд л очно гэсэн утгыг илэрхийлж, ингэж нэрлэсэн. Ногоон гэдэг бол мэдээж байгаль ээжийг илэрхийлж байгаа хэрэг. Улсын хэмжээнд дахин боловсруулах 23 үйлдвэр байгаагийн 10 нь л ахуйн хог хаягдлыг дахин боловсруулдаг. Энэ үйлдвэрүүдэд хогоо өгвөл ахуйн хаягдлын 60-80 хувийг дахин боловсруулах боломжтой. Харин дээрх 10 үйлдвэр тус бүр 1-2 төрлийн дахиварыг л дахин боловсруулах чадвартай. Тиймээс “Царцаа ногоон” ахуйн хог хаягдлыг найман төрлөөр ангилан авдаг. Үүнд PET хуванцар буюу ус ундааны гэрэлтдэг хуванцар сав, HDPE хуванцар буюу шампунь, цэвэрлэгээний бодис, шингэн саван, тарагны сав, машины тос, тосолын сав, хөнгөн цагаан, лааз, гялгар уут, PP хуванцар буюу хатуу болон зөөлөн хуванцар, хужирт, АПУ, урбанек, 100 грамм сокний шил, цаасан хайрцаг,бичгийн цаас орно. Үүнээс 1.5 тонн орчим нь хуванцар, гялгар уут. Тухайн дахиврыг авдаг дахин боловсруулах үйлдвэрээс хамааран хуванцар савыг дөрвөн төрлөөр ангилж байгаа хэрэг. Иргэд дээрх найман төрлөөр л ахуйн хог хаягдлаа ангилах нь зөв. Энэ бол Монгол Улсад байгаа үйлдвэрүүдэд дахин боловсруулж болох л ахуйн хог хаягдлын ангилалт юм. Дахивар болдог зүйлээ л ангилна” гэдгийг хэлж байлаа.
Манайд одоогоор шилийг дахин боловсруулах үйлдвэр байдаггүй аж. Тиймээс дахин ашиглах боломжтой дотоодын зарим үйлдвэрийн шилнүүдийг үйлдвэрт нь буцаан хүргэдэг юм байна. Айл өрхүүдэд таван мянган төгрөг, аж ахуйн нэгжийн хувьд дуудлагын давтамжаас хамаараад 10-40 мянган төгрөгөөр үйлчилж байгаа юм байна. Ингэхдээ мягмар гаригт Баянзүрх, Хан-Уул дүүрэгт,лхагва гаригт Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, пүрэв гаригт Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үйлчилж байгаа бөгөөд тухайн өдрүүдэд 5-6 айл дахивраа өгдөг аж. Гэхдээ ингэж төлбөртэй үйлчилж байгаа нь хэд хэдэн шалтгаантай юм байна. Ангилсан хог хаягдлыг тэд худалдаж авахыг хэчнээн хүссэн ч дахивар түүхий эдийн үнэ цэнэ нь бага байдаг аж. Тухайлбал, нэг килограмм хуванцар савыг үйлдвэрүүд 400-450 төгрөгөөр авдаг аж. Нэг килограммд хүргэхийн тулд ойролцоогоор 40-45 ширхэг хуванцар цуглуулах хэрэгтэй юм байна. 45 ширхэг хуванцар гэдэг бол нэг өрхийн 1-2 сар цуглуулсан сав. Гэтэл “Царцаа ногоон” үйлчилгээ долоо хоногт гурван удаа айл өрхүүдээрээ явж, хураасан дахивраа дахин ангилаад үйлдвэрүүдэд тушаах зардал өндөр. Ажиллах хүч, санхүүжилт дутмаг учраас бид орлогоосоо өдөр тутмын зардлаа л нөхдөг гэдгийг тус төслийнхөн хэлж байлаа. Тиймээс “Царцаа ногоон”-д төлж буй төлбөр нь хотын нэг соёл төдийгүй тохижилттой холбоотой учир өөр олон хүн энэ аянд нэгдэж, эрүүл мэндээ хамгаалахаас гадна байгаль орчинд ээлтэй санаачилгыг дэмжээсэй гэж хүсэж байна гэдгийг энэ төслийнхөн хэлж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин