Иргэншсэн улс төр хийе гэвэл ширэнгийн хуулиа өөрчлөх хэрэгтэй
- Зөвхөн сонгуульдаа бэлтгэж санхүүжилтээ босгох хугацаа, данс гэсэн хоёр зүйлийг л нэр дэвшигчид олгоход тэгш бус байдал харьцангуй бага болно
- Мөнгөтэй хүмүүс нь мөнгөгүй атлаа олны дэмжлэгийг авсан олон өрсөлдөгч улстөрд ороод ирэх вий гэж болгоомжилж байгаа байх
Үндэсний аудитын газраас нэг хүний сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 775 сая хүртэл төгрөгөөр баталсан нь хөрөнгө, мөнгөгүй нэр дэвшигчид гарааны тэгш бус байдал үүсгэж буй. Тиймээс нэр дэвшигчид хэрхэн нэг гараанаас өрсөлдөх боломжийг бий болгох, сонгуулийн санхүүжилтийг төлбөрийн шинжтэй болгохоос сэргийлэх арга туршлагын талаар УИХ-ын гишүүн асан, Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. -2020 оны УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг үндэсний аудитын газраас 360-775 сая төгрөг байхаар баталсан байна. Бүх нэр дэвшигчид гарааны тэгш байдлаар өрсөлдөхийн тулд сонгуулийн зардлыг хэрхэн зохицуулах ёстой вэ? -Ардчилсан улс орны ардчилсан сонгуульд бүх хүн нэр дэвших эрхтэй байдаг учраас тэр эрхээ хэрхэн эдлэх вэ гэдгийг хуулиар мөн зохицуулж өгсөн байдаг. Нэр дэвших эрхийн нэг хэсэг нь нэр дэвшигчийн мөнгөө босгох тухай зохицуулалт юм. Монгол Улс Үндсэн хуульдаа бүх хүн нэр дэвших эрхтэй гэж заасан атлаа нэр дэвших эрхээ яаж эдлэх, мөнгөө яаж босгох талаар одоо хүртэл хуулиар зохицуулаагүй. Сонгуулийн тухай хуульд ганц хоёр заалт байдаг нь нэр дэвших үнэмлэхээ авсны дараа данс нээгээд, хандив авч болдог. Энэ нь нэр дэвших зорилготой хүмүүст тэгш боломж олгодоггүй. Одоогоор ардчилсан орнууд хоёр том урсгалаар сонгуулиа санхүүжүүлж байна. Эхнийх нь Европын урсгал. Ерөнхийдөө 1020 мянган еврогоор сонгууль хийх ёстой гэсэн хатуу хууль тус тивд үйлчилж байна. Энэ бол нэр дэвшигч нэг сарын цалингаар санхүүжүүлж болохуйц хөрөнгө юм. Сонгуулийн зардлыг ингэж бууруулахын тулд тус орнууд Үндсэн хуульдаа пропорциональ тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулна гээд тусгачихсан. -Харин Монгол Улс сонгуулийн мажоритар тогтолцоотой. Энэ тохиолдолд нэр дэвшигчид өөрсдөө санхүүжилтээ босгох шаардлагатай. Тиймээс ихэнхдээ хөрөнгө мөнгөтэй хүмүүс л сонгуульд давуу байдлаар оролцдог шүү дээ? -Манай Үндсэн хуульд пропорциональ тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас мажоритар системээр сонгуулиа хийж байна. Энэ тогтолцооны нэг онцлог нь нам гэхээс илүү хувь хүн өөрөө очиж сонгогчдын саналыг авдаг. Энэ бол Америкийн сонгуулийн тогтолцоотой төстэй. Манайхтай төстэй мажоритар тогтолцоотой орнууд ямар байдлаар сонгогдох эрхийг хангаж байна вэ гэхээр “Дуртай хүн сонгуульд нэр дэвшиж болно. Мөн дуртай хүн нь нэр дэвшихдээ бэлтгэж болно” гэсэн эрхийг нь өгчихөж байгаа юм. Нэр дэвшихэд бэлтгэх хамгийн том ажил хөрөнгө босгох. Өөрөөр хэлбэл хөрөнгө босгох эрхийг хуулиар олгодог. Харин үүрэг нь намууд, нэр дэвшигчдэд биш сонгуулийн хороонд байдаг. Гэтэл манай улсын Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгуулийн саналыг тоолоод, дүн зарлах ажил хийж байхад АНУ-ын сонгуулийн хороо нь нэр дэвшихийг хүсэж байгаа бүх хүний дансыг нь нээж өгөөд сууж байдаг. -Бүх шатны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүн бүрийн дансыг нээнэ гэж үү? -Би 2011 оны аравдугаар сарын 3-нд АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд очиж, уулзаж байсан. Тэр хороон дээр бараг 1000 хүний нэртэй тус бүрийн шүүгээ байсан. Тэр шүүгээнээсээ хавтаснууд гаргаж ирээд, надад үзүүлж байсан юм. Хэн нэгэн нэр дэвшигч, хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газраас нэр дэвшинэ гээд дансаа нээлгэчихсэн байгаа нь тэр юм билээ. Тэр хавтаснуудын дунд Трамп гэсэн хавтас ч байсан.
-Тэгэхээр Дональд Трамп бүр 2011 онд хэзээ нэгэн цагт нэр дэвшинэ гэж тооцож байжээ? -Тийм. Трамп 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч болсон. Тэгэхэд 2011 онд сонгуулийн хороондоо дансаа нээлгэчихсэн байсан. Трампын хавтсыг надад үзүүлэхдээ “Энэ хүн 2011 оноос нэг сая ам.долларыг дансандаа байршуулж эхэлсэн” гэж хэлсэн. Нэг сая ам.доллартай хүн том л сонгуульд өрсөлдөх нь дээ гэж асуухад “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байх” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл өөрийг нь хүн дэмжих нь үү гэдгийг хандивын дансаараа тав, зургаан жил ажиглаж, нэлээн сайн дэмжлэг авч, хандив цуглуулсны дараа дэвшсэн хэрэг. Гэтэл Монголд иргэн хүн сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан мөртлөө, сонгуульд бэлтгэх ажлыг нь хийлгэхгүй, дансыг нь нээхгүй, хөрөнгө босгох ажлыг эхлүүлэхгүй байна гэдэг мөнгөтэй хэдэн хүнд боломж олгоно л гэсэн үг. Мөнгөгүй бол нэр дэвших эрхээ эдэлдэггүй. -Сонгуулийн хандив цуглуулах хугацаа олгочихвол тэгш бус байдал арилна гэж үзэж байна уу?
-Одоо манай хуулиар нэр дэвших эрхээ намаасаа авчихаад, СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаныхаа дараа сая нэг дансаа нээдэг. Гэтэл бусад мөнгөтэй хүмүүс аль хэдийнэ тойрог руугаа гараад, кампаниа эхэлчихсэн байдаг. Харин мөнгөгүй хүн сурталчилгаагаа ч эхлүүлж чадахгүй, хүмүүсээ ч ажиллуулж чаддаггүй. Тиймээс л Монголд мөнгөтэй хүмүүс сонгуульд ялж, мөнгөгүй нь ялагддаг гэсэн үг. Энэ бол манай орон сонгуульд нэр дэвшигчдэд гарааны тэгш байдлыг олгож чадахгүй байгааг илтгэж байна. Сонгуулийн санхүүжилт босгох хангалттай хугацаа олгоогүй байна гэдэг тэгш бус байдлыг л дэвэргээд байгаа юм. Тэгш бус байдалтай явсаар цөөхөн хэдэн хүн нийгмийн бүх баялаг, бүх мэдээллийг гартаа атгачихдаг. Харин ард түмэн дандаа боломжийн гадуур үлддэг. Гарааны тэгш байдлыг олгохын тулд сонгуулийн санхүүжилтийг босгох цаг хугацаа л олго. Зөвхөн сонгуульдаа бэлтгэж санхүүжилтээ босгох хугацаа, данс гэсэн хоёр зүйлийг л нэр дэвшигчид олгоход тэгш бус байдал харьцангуй бага болно. -Монгол Улс улс төрийн намын санхүүжилт, тэр дундаа сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох талаар үе үе ярьдаг. Гэвч хуулиа баталж чадахгүй л байна. Монголын улстөрчдөд сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох хүсэл зориг дутаад байна уу, эсвэл аргаа олохгүй байна уу? -Аль аль нь л байгаа. Хүсэл зориг ч дутаж байна. Мөнгөтэй хүмүүс нь мөнгөгүй атлаа олны дэмжлэгийг авсан олон өрсөлдөгч улстөрд ороод ирэх вий гэж болгоомжилж байгаа байх. Нөгөө хэсэг нь аргаа олохгүй л яваа байх. Ер нь Монгол Улс улс төрийн орон зайгаа залуучууд, шинэ үеийнхэн, эмэгтэйчүүддээ тэлж өгөх хэрэгтэй байна. Маш өндөр боловсролтой, нийгмээ өөрчилье, сайн сайхан болгоё гэсэн санаачилгатай залуучууддаа хаалгаа нээж өгөх цаг болсон. Харин тэр хаалгыг нээхэд хамгийн их садаа болж буй зүйл нь мөнгө. Мөнгө байхгүйдээ биш харин үүнийг яаж босгож, нээлттэй зарцуулж, хуваарилах вэ гэдэг хуулиа л гаргах хэрэгтэй байна. Түүнийгээ зохицуулаагүй байж ардчилсан сонгуулийн талаар ярих нь дэндүү өрөөсгөл болоод байна. Ерөнхийдөө хүмүүст үнэхээр тэгш боломж олгоё гээд, улс төрийн эрмэлзэл гаргаж чадах юм бол түүнд нь тусалдаг арга хэлбэр дэлхийгээр дүүрэн байна. Гэтэл “Мөнгөгүй хүн улстөрд орж яах гээд байгаа юм. Орж ирэх гэж байгаа бол мөнгөө эхлээд үзүүл” гэсэн ширэнгийн хуулиар Монгол Улс яваад байна. Ширэнгийн улс төрийг дуусгаад, иргэншсэн улс төр хийе гэж байгаа бол хөрөнгө мөнгөө босгох иргэншсэн хуультай болох, улс төрийн санхүүжилтийн тухай тусдаа хуультай болох хэрэгтэй байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин