Боловсролын салбараа сонгуулийн золионд гаргахуй
БОЛОВСРОЛ ҮНЭГҮЙДЭХ УЧИРГҮЙ
Боловсролын үнэ цэнийг өндөрсгөх үүрэгтэй төр засгийнхан боловсролын салбараа үнэгүйдүүлж, үгүйсгэлээ. Сургалтын төрийн сангаас зээл аван суралцсан 14413 иргэний барьцаалагдсан дипломыг чөлөөлөхөөр болж, дээд боловсролын үнэ цэнийг сонгуулийн золионд гаргалаа. Дээд боловсрол хийгээд цалин, тэтгэврийн зээл авч үр хүүхдийнхээ төлбөрийг төлсөн олон мянган жирийн иргэн, өөрийнхөө хүчээр боловсрол эзэмшсэн залуусын хөдөлмөр, үнэ цэнийг төр засаг нь уландаа гишгэлээ. Тэд боломжтойдоо төлбөр, зээлээ өөрсдөө төлөөгүй. Хариуцлагатай, ухамсартайдаа өөрсдөө төлсөн. Харин төр засаг нь тэднийг ялгаварласан шийдвэр гаргаж, хариуцлагатай иргэдийн хохь, хариуцлагагүй нөхдийн хожоо болгож байна.
Тодорхой өгүүлбэл, Боловсролын зээлийн санд 16 тэрбум төгрөгийн барьцаанд буй 14413 иргэний дипломыг чөлөөлөх агуулга бүхий журам батлах УИХ-ын тогтоолын төслийг боловсрол хариуцсан сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын даргад өргөн барив. Төслийн албан ёсны нэршил нь “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл.
Харин энэ төслийг Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д өргөн барьж буй нь энэ. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар 16 тэрбум төгрөгийн барьцаанд байгаа 13 мянга гаруй иргэний дипломыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байв. Энэ асуудлыг шийдвэрлэх журмын төслийг УИХ-д өргөн барихаар тогтсоныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тухайн үед мэдээлж байлаа. Тэгвэл 14 мянга гаруй дипломыг чөлөөлөх ажлыг Засгийн газарт хариуцуулах УИХ-ын тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь.
Боловсролын зээлээр гадаадад сурсан 2000-аад хүнийг улстөрчид тэргүүлдэг
Сургалтын төрийн сангаас гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцагчдад боловсролын зээл олгодог. Харин боловсролын зээлийг тэр дундаа гадаадад сурах сургалтын төлбөрийн зээлийн ихэнхийг улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг нь нэгэнт тодорхой болсон. Тухайлбал, Сангийн яамнаас боловсролын зээл авч гадаадад сурсан 1813 хүнийг танилцуулахад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын улстөрчид өөрсдөө болон тэдний хамаарал бүхий хүн авсан нь тодорхой болсон байдаг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, сайд асан С.Баярцогт зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд ч боловсролын зээлийн сантай холбогддог. Ингээд зогсохгүй одоог хүртэл зээлээ төлөөгүй гишүүд УИХ-д ч сууж буй.
Сонгуулийн өмнө боловсролын зээлийг чөлөөлдөг жишиг тогтох нь
Монголын төр дээд боловсролоороо тоглож, үнэгүйдүүлж буй жишээ үүгээр дуусахгүй. Сонгууль бүрийн өмнө нь шоу хийж, санал худалдан авах зорилгоор боловсролын салбарыг зольдог жишээ 2004, 2008 оноор үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулийн энэ жилүүдэд одоогийнх шиг боловсролын зээлийн төлбөрийг чөлөөлсөн шийдвэрийг төр засгийнхан гаргаж байжээ. Цаашид ч энэ шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй учраас боловсролоо доромжилдог удирдлагуудын жишгийг давтуулахгүй байхад хаана, хаана аа анхаарах нь зүй билээ.
Бага, дунд боловсролыг ч үнэгүйдүүлэв
Улирлын томуу хийгээд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг үндсэндээ гурван сарын хугацаанд зогсоож байна. Харин зургадугаар сард сонгуультай учраас хичээлийн жилийн хугацааг сунгахгүй, бямба гараг бүр нөхөж хичээллэхээр шийдвэрлэв. Ингэж нөхөж болох ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ЭЕШ-аас өөр шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Анги дэвших болоод улсын шалгалтаар тухайн хүүхдийн боловсролыг бүрэн хэмжихгүй ч тухайн шатны мэдлэгээ эзэмшсэний баталгаа болгодог. Үүгээр зогсохгүй шалгалт нь сурагчдыг хичээлд шамдуулах нэг тулгуур арга байв. Харин Боловсролын яам эдгээр шалгалтыг онцын шаардлагагүй хэмээн тайлбарлаж, мөн л бага, дунд боловсролын шалгуураа үнэгүйдүүллээ.
Уг нь ямар ч боловсрол үнэгүйдэх учиргүй. Улам л үнэ цэнтэй болж, мэргэжлийн боловсрол эзэмших эрэлт, нийлүүлэлт чанартай байх ёстой. Гэтэл манайх бүр л үнэгүйдүүлж, үнэ цэнийг нь шороотой хутгаж байна. Ингэж боловсролын салбараа сонгуулийн золионд гаргадаг улс манайхаас өөр байхгүй биз ээ.