30-40 жил НДШ төлсөн хүн таван жилийн шимтгэл нөхөн төлсөн хүнтэй адил тэтгэвэр авч байна
15 жилийн дараа тэтгэвэр авагчийн тоо хөдөлмөр эрхлэгчдийн тооноос давж эхэлнэ
Тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгохоор УИХ-аас ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. Ингэхдээ одоогийн тогтолцоог хувийн тэтгэврийн сангийн тогтолцоотой хослуулах боломжийг эрэлхийлж байгаа гэх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч өгч байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын дундаж цалин 1.6 сая байгаа. Гэтэл тэтгэврийн дундаж хэмжээ 350 орчим мянган төгрөг. Нөгөө талд 30, 40 тасралтгүй хөдөлмөрлөж НДШ төлчхөөд тэтгэвэрт гарахдаа 400 хүрэхгүй мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байхад насаараа шимтгэл төлөөгүй хэрнээ сүүлийн 5 жилийнхээ нөхөж төлсөн болоод адилхан 400 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байгаа. Мөн насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж амжаагүй ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг гээд учир дутагдалтай олон асуудал бий. Тиймээс зайлшгүй тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажилтан, ажил олгогч, төр гэсэн гурван субьект байлаа гэхэд төр төрөөс татаас төлөөд байгаад маш сэтгэл хангалуун бус байна. Ажилтан өөрөөсөө 9 хувиа төлж байгаадаа ч сэтгэл хангалуун бус байна. ажил олгогч ч гэсэн сэтгэл хангалуун бус. Гурвуулаа сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчихоод байна. Тэгэхээр улсдаа төлж байгаа 9 хувийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд өөрөө сонгоод төлдөг. Хувийн тэтгэврийн санг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, хувийн тэтгэврийн санг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэгснээр тэтгэврийн сан цаашдаа хамгийн том хөрөнгө оруулагч, хувьцааны зах зээл хамгийн том тоглогч болгох нь Хувийн тэтгэврийн сангийн хуулиар зохицуулах боломжтой” гэлээ.
АНУ-ын 15 мужийн тэтгэврийн сан 1,4 их наяд долларын алдагдал хүлээгээд байна
Хувийн тэтгэврийн сан тийм ч эрсдэлгүй гэж ойлгож болохгүй. Яг одоо АНУ-д өрнөж байгаа бодит нэг жишээг авч үзье. Тус улсын 15 мужийн хувийн тэтгэврийн сан өнөөдрийн байдлаар 1,46 их наяд долларын өртэй явж байна. Учир нь тэд жилийн 7,5 хувийн өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн боловч бодит байдал дээр 1 хувийн өгөөж олжээ. Ингээд сүүлийн 15 жилийн турш 6,5 хувийн алдагдал хүлээн өрийн дарамтад ороод байгаа юм байна. Бүхэл бүтэн санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн оронд тэтгэврийн сан ар араасаа дампуурах эрсдэлийн өмнө ирж олон арван жилийн турш мөнгөө төлсөн иргэд гар хоосон үлдэх эрсдэл үүcчихээд байна. Тэгвэл манайд хөрөнгийн зах зээл ч хангалттай хөгжиж чадаагүй байгаа энэ үед хувийн тэтгэврийн санг эрсдэлгүй хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг нарийн тодорхойлохоос эхлээд олон ажил хийх шаардлага тулгарахаар байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Америкт А, В, С ангилал гаргаад , “А”-д засгийн газрын бонд, төрийн өмчийн хувьчлал, “В”-д хувийн компаниудаас гаргаж байгаа бонд, зарим үнэт цаас гээд дотор нь үнэлдэг. Үүнд хувь хүн өөрөө сонголтоо хийн тодорхой болгодог. Дээрээс нь босго өндөр байхаас гадна тэтгэврийн санд шилжилт хийхийг энэ хуулинд шууд зөвшөөрч байгаа. Хувь хүн нэг хувийн тэтгэврийн сантай ажиллаж байлаа гэхэд тодорхой хугацааны дараа өөр боломжийн санал ирвэл шууд өөр тэтгэврийн сан руу шилжихийг хуулиар нь нээгээд өгөх бололцоотой”гэв.
Одоогийн эв санааны нэгдлийн гэж нэрлэгдэх тэтгэврийн тогтолцоо 15 жилийн дараанаас хүндрэх төлөвтэй байгаа юм. Учир нь тэр үеэс тэтгэвэр авагчдын тоо хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээс давахаар байгаа юм. Тиймээс цаг алдалгүй хувийн тэтгэврийн сан байгуулах түүнд тохирсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байгаа юм байна.