М.Түвшинзаяа: Дараагийн үсэглэлийн аваргад оролцогчдод сэтгэл зүйгээ сайн бэлдээрэй гэж зөвлөе
Монголчуудад ирээдүй хойч үеэрээ бахархах сэтгэгдлийг төрүүлэн цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж, томчуудыг хүртэл сорилд оруулсан телевизийн нэвтрүүлэг бол “Үндэсний үсэглэлийн аварга” шалгаруулах шоу. “Номадиа пикчерс”, “Боловсрол” телевиз хамтран Нидерланд улсын “Еndеmоl Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр телевизийн салбарт тун шинэлэг контентыг бий болгосон. Эрдэм мэдлэгтэй, сэргэлэн цовоо бяцхан үсэглэгчдийн ур чадвараар дамжуулан эх хэлний боловсролыг түгээх зорилготой “Үндэсний үсэглэлийн аварга” шоу үзэгчдийн шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг болов.
Нийт есөн дугаарын турш хүүхдүүдийн түвэггүй үсэглэж байгаа хүндхэн үгсийг насанд хүрсэн хүмүүс алдаж байгаа нь олон нийтийн сүлжээнээс харагдсан. Үүнийг дагаад зөв бичгийн дүрэм, үгийн сангийн тухай маргаан, хэлэлцүүлгүүд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар нийгэмд эерэг нөлөө, үр дүн гарч байгаа нь ажиглагдсан юм.
“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн эхний улирлын есөн дугаар өндөрлөн “Соёмбо” бага сургуулийн 5-р ангийн сурагч М.Түвшинзаяа шалгарч аваргын цом, 10 сая төгрөгийн эзэн болсон. “Ялах юм бол би хамгийн түрүүнд эмээ рүүгээ залгаж хэлнэ” хэмээн финалын ес дэх дугаарын өмнө сэтгэгдлээ хуваалцаж байсан Мандахын Түвшинзаяатай ярилцлаа.
Ялагч болсон баяртай мэдээгээ хамгийн түрүүнд эмээдээ дуулгасан уу?
Тэмцээн эхлэхийн өмнө ялах юм бол хамгийн түрүүнд эмээ, өвөөдөө хэлмээр санагдсан. Ялагч болсныхоо дараа тэр тухайгаа нууцалж байгаад гэнэтийн бэлэг барихаар шийдэж гэртээ очоод хэлсэн.
Үндэсний үсэглэлийн аварга болох тэр агшинд ямар сэтгэгдэл төрж байв?
Номуунаа эгчийг алдсаны дараа өөрийгөө ялчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Яагаад алдчихав аа гээд дотор сонин болсон. Гэтэл үзэгчдийн суудлаас хүүхдүүд “Түвшинзаяа, Түвшинзаяа” гээд чанга дуугаар миний нэрийг дуудахад нулимс цаанаасаа л асгарчихсан. Нулимсаа барин овоо гайгүй болж байтал аав, ээж хоёр тайзан дээр гарч ирэхэд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ялахад Марал, Номин эгч, Дагважаргал өөрөө ялсан мэт баярын нулимс унагаж, бусад найз маань маш их дэмжиж байсныг би хэзээ ч мартахгүй. Түрүүлэх үед надад их сонин мэдрэмж төрсөн. Миний оронд Номуунаа, Номин, Марал эгч, Хажидмаа, Төгөлдөр ах нарын маань хэн нь ч зогсож болох байсан шүү дээ. Тухайн үед гэр бүлийнхэн болон багш нартаа их баярласан.
Энэ тэмцээний талаар анх хэнээс мэдсэн бэ. Очоод бүртгүүлэхэд ямар байв. Яагаад энэ тэмцээнд оролцох болсон талаараа сонирхуулаач.
Анх багшаасаа энэ тэмцээний талаар сонссон. Өмнө нь математик, монгол хэлний олимпиадад оролцож байсан. “Үндэсний үсэглэлийн аварга” гээд монгол хэлтэй холбоотой шоу нэвтрүүлэг болохоор гоё санагдсан. Учир нь, “Spelling Bee” тэмцээн гадаад улсад болдгийг мэддэг байсан. Энэ сонирхолтой нэвтрүүлгийг Монголдоо зохион байгуулах гэж байгаа ах эгч нарын маань санаа их таалагдсан. Мөн би өөрийгөө эх хэлэндээ хэр зэрэг сайн бэ гэдгээ сорьж үзье гээд энэ тэмцээнд оролцохоор шийдсэн. Шалгаруултад очоод анх удаа камерын өмнө зогссон учраас маш их сандарсан. Тайзан дээр гарахад нүүр улайгаад, өвдөг чичрээд хэцүү байсан шүү.
Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
Завтай цагаа ашиглаж “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-оо уншиж судалсан. Үгсийн утгыг цээжлэн, үндсийг нь бодож, дагавар, нөхцөл залгахад хэрхэн өөрчлөгдөх, эгшиг гээгдэх эсэхийг анхаарч бэлдсэн.
Тэмцээний ямар сорил, даалгавар хамгийн хэцүү байв?
Надад баззертай үе хамгийн хэцүү байсан. Учир нь, үгээ бодохын зэрэгцээ баззераа хурдан дарах хэрэгтэй. Өрсөлдөгч хүүхдүүд маань маш хурдтай болохоор би хоцорчих гээд байсан. Хурдан үсэглэлийн талаар анх сонсоод гайгүй санагдсан. Ээжтэйгээ бэлдээд 45 секундэд үсэглэхээр болоод байсан ч яг тайзан дээр гарахаар их сандардаг юм билээ. Үндсэн үсэглэл дээр бодож байгаад үсэглэж болдог бол хурдан үсэглэл дээр бодохгүй шууд үсэглээд явдаг, дундаа алдах л юм бол цаг зогсдог учраас анхаарал ихээр шаарддаг.
Сорил дээр чамд өмнө нь огт сонсож байгаагүй үг таарсан уу?
Өмнө нь сонсож байгаагүй үгс надад болон найзуудад маань их таарсан. Жишээ нь, зүдэнгэрэх, таарцаг, сартваахь, жамьянмядаг, хуйван гэх мэт. Тиймээс үгийн баялгаа сайжруулж, үгээ цээжлэх хэрэгтэй юм билээ.
Шат ахих тусам оролцогч хүүхдүүдийн тоо багассаар байсан. Хэчнээн өрсөлдөгчид ч гэсэн хоёр сарын турш хамтдаа найзалж нөхөрлөсөн болохоор бусад чинь тэмцээнээс хасагдах мөч хэцүү байсан уу?
Анх олуулаа бужигнаад сайхан байсан. Тэмцээний явцад бид найзууд болж дотноссон үед нэг маань хасагдах нь үнэхээр муухай. Бямбадолгор, Хонгорзул эгч, Ганболор, Мичидцолмон, Амин-Эрдэнэ, Ягаанцэцэг, Яргуй, Ханбулаг, Дагважаргал нарыг хасагдахад харамсалтай байсан. Үндсэн үсэглэлийн үед хүүхэд алдахад яагаад алдчихав аа гээд боддог. Нэг найз маань уйлж байхад тэнцчихлээ гэж баярлах биш тэднийхээ өмнөөс харамсдаг. Болдог бол хүүхэд хасахгүйгээр энэ нэвтрүүлгийг хийдэг бол гоё. Даанч дүрэм нь тийм юм даа.
Анх удаа телевизийн шоунд оролцоход тэр орчин, хамт ажилласан баг ямар байсан бэ?
Зурагтаар гардаг шоуны ард юу болдгийг өмнө нь төсөөлж ч байгаагүй. Харин очоод харахад шоуны ард маш олон хүн ажилладаг юм билээ. Тэр олон хүний хөдөлмөрөөр бүтдэг нь гоё санагдсан. Зохион байгуулалт үнэхээр сайн байсан. Өндөр сандал дээр сууж, буухад үргэлж тусалж байсан хөтлөгч Б.Энхжаргал ах, тайзны ард биднийг чин сэтгэлээсээ дэмжсэн Н.Цэнд-Аюуш эгч, зарлагч Ө.Наранбаатар ах болон нэвтрүүлгийн багийн хамт олон, ивээн тэтгэгч нартаа баярлалаа.
Зарлагч Ө.Наранбаатар ах /орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин/ маш мундаг хүн. Зарим хүн хэл муутай байдаг шүү дээ. Би л гэхэд “Р” үсгийг сайн хэлж чаддаггүй. Тэр үгээ тод, гоё хэлдэг учраас зөв сонсдог. Зарлагчаас хариу хүлээх мөч их урт, түгшүүртэй байдаг. Түүнийг “Зөв байна” гэж хэлэх үед нар гийж, “Буруу байна” гэхээр дотор харанхуйлаад л явчихдаг.
Тэмцээнд оролцож байхад танай ангийнхан, найзууд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Зурагтын бичлэгт орно гээд хичээлдээ хэсэг хугацаанд явж чадаагүй. Багш нар маань “Бүх хүчээ дайчлаарай” гэж захисан. Ангийнхан маань юу болсон талаар их асууж сайн оролцоорой гэж хэлдэг байсан. Долоо дахь дугаар дээр миний найз Номунзаяа, Энэрэл, Дөлгөөн нар намайг дэмжихээр ирсэн. Тэд маань их сандарсан байна билээ.
Нэвтрүүлгийн бичлэг дууссаны дараа манай ангийнхан хэн түрүүлсэн бэ гэж их асуусан. Телевизээр гарах хүртэл хэлж болохгүй болохоор би хамгийн сайн хоёр найздаа хүртэл Намуунаа эгчийг түрүүлсэн гээд худлаа хэлчихсэн. Харин дараа нь найз маань бүр баярлаад уйлаад. Тэр үед би найздаа худлаа хэлсэндээ маш их гэмшсэн.
“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн дараагийн улирлын бүртгэл ирэх наймдугаар сард эхэлнэ. Дараагийн шоунд орохоор одооноос бэлдэж эхэлсэн хүүхдүүд байгаа байх. Тэр хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Энэ шоуны дараагийн улиралд оролцох гэж байгаа хүүхдүүд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Миний хасагдах шахсан дугаар дээр Сондор бид хоёр алдаад дараагийн хүүхдүүд ихэнх нь зөв үсэглэсэн тул би өөрийгөө хасагдчихлаа гээд гутарсан. Тэр үед Тэмүүлэн ах алдаад миний ээлж болоход би боломж гарсан учраас түүнийг л сайн ашиглах ёстой гээд хамаг гутралаа хаяж бүхнээ дайчлан үсэглэсэн. Тиймээс тэмцээнд оролцохын тулд сэтгэл зүйгээ сайн бэлдээрэй гэж зөвлөмөөр байна.
Шагналын мөнгөө юунд зарцуулна гэж бодож байна вэ?
Мэдсэн, сурснаараа аав, ээж, багш нарыгаа баярлуулж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Аав, ээж маань миний эмчилгээнд нэмэрлэнэ гэж ярьж байсан. Гэхдээ би шагналаасаа ном авах боломжгүй хүүхдүүдэд олон гоё ном авч өгөхийг хүсэж байгаа. Аав, ээж маань дэмжсэн. Ном уншсанаар сонирхолтой зүйлсийг мэдэж авдаг юм.
Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
Би эмч болохыг хүсдэг. Яагаад гэвэл өвчтэй хүмүүсийг эмчлээд аз жаргал бэлэглэдэг нь гоё санагддаг. Мөн манай эмээгийн багын мөрөөдөл нь эмч болох байсан гэсэн. Тэр үед өөрөө хүссэн мэргэжлээ сонгох боломжгүй аймгаас нь шууд өгдөг байсан юм билээ. Мэргэжил дунд нь эмч гэж байгаагүй, бага ангийн багш гэж байсан гэсэн. Тиймээс багш болсон юм билээ. Энэ тэмцээнд орсны дараа хэл шинжлэлийн мэргэжил гоё санагдсан. Эх хэлээ гүнзгий судлан түгээн дэлгэрүүлэх ажил сонирхолтой байх.
“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн дугаар бүрийг алгасалгүй шимтэн үзсэн. Би олон жил багшилсан. Гэхдээ л зарим нэг даалгавар дээр унасан шүү. Академич Ц.Дамдинсүрэнгийн 1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бид эдүгээг хүртэл албан ёсоор мөрдсөөр байгаа. Энэ нэвтрүүлэг олон хүнд, тэр тусмаа багш нарт эргээд энэ номыг нэг судлах ёстой гэдгийг сануулсан болов уу гэж олзуурхаж байгаа.
М.Түвшинзаяагийн эмээ