“Ноолуураа зарах гэж яарах хэрэггүй, хадгал”

Дэлхийн эдийн засагт эрсдэл үүсгээд буй шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвартай холбоотойгоор энэ жил ноолуурын ханш унана гэх таамгийг эдийн засагчид дэвшүүлээд байна. Тиймээс энэ жил ноолуурын үнэ ямар байх, ноолуурын үнийг тогтмол байлгах тал дээр ямар ажил хэрэгжүүлж буйг Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) -ийн гүйцэтгэх захирал Х.Баатараас тодрууллаа.

 Сүүлийн жилүүдэд ноолуур өндөр үнэтэй гарах болсон. Энэ жил ноолуур ямар үнэтэй байх вэ. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор ноолуурын үнэ өмнөх жилүүдийнхээс хямд байна гэх таамгийг эдийн засагчид өгөөд байгаагаас иргэдийн дунд ноолуурын үнэ унах юм байна гэсэн ойлголт бий боллоо?
-Ноолуурын үнэ ханш нь олон зүйлээс шалтгаална. Үндэсний үйлдвэрүүдийн эрэлт, гадаад зах зээлийн эрэлт, дэлхийн зах зээл дэх ноолуурын үнэ зэргээс хамаардаг. Өнгөрсөн жил ноолуур өндөр үнэтэй гарсан ч жилийн сүүлээр үнэ нь буурсан. Энэ нь БНХАУ, АНУ хоорондын худалдааны дайнаас шалтгаалсан.
Энэ жилийн хувьд ноолуурын үнийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байлгахын тулд Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал?
-Засгийн газар нь Хөгжлийн банкнаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд тодорхой зээл олгох чиглэл өгсөн.
Зах зээлд өрсөлдөөн бий болсноор ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтдог. Covid-19-тэй холбоотойгоор гадаад орнууд Монгол  Улсаас ноолуур худалдаж авах гэрээ хэлэлцээрийг хийгээгүй байгаа ч гэрээ хэлэлцээр хийх санал тавьж буй байгууллага, хүмүүс бий. Урд хөршид халдвар буурч байгаа нь байдал удахгүй хэвийн болох байх гэсэн таамгийг бий болгож байна.
Монголын ноолуурын зах зээлийг өрсөлдөөнтэй болгосноор ноолуурын үнэ буурахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Хэсэгчилсэн онц байдал цуцлагдвал дөрөвдүгээр сарын эхээр аймаг, сумдад ноолуурын худалдаа зохион байгуулна. Ноолуурын төвлөрсөн худалдаанд  дотоод, гадаадын аль болох олон компани, хувь хүнийг оролцуулахыг зорьж байна.
-Энэ жил ноолуур яг хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ?
-Одоогоор үнийг тодорхой хэлэх боломжгүй байна. Засгийн газрын “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний үр дүнд 2017 оноос ноолуурын үнэ өссөн. Ноолуурын дундаж үнэ 2015 онд нэг килограмм нь 61.3 мянган төгрөг байсан бол 2017  онд 87.8 мянган төгрөг, 2019 онд 127.6 мянган төгрөг болж өссөн. Ноолуурын үнийг аль болох бууруулахгүй байлгахын тулд бид ажиллана.
Малчид, хоршоологчдод хандаж хэлэхэд коронавирусээр далимдуулан ноолуурыг хямд үнээр авах гэсэн явуулгад автаж болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна.
Үндэсний үйлдвэр, болон гаднын орны бизнес эрхлэгчид ноолуурын зах зээлд өрсөлдсөнөөр боломжийн үнэ тогтно гэдгийг хэлсэн. Монголын ноолуур эрэлт өндөртэй, бас чанар сайтай. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бэлтгэж байна. Монгол ноолуур нь стратегийн чухал түүхий эд, дэлхийн зах зээлд эрэлттэй байдаг. Тиймээс зохион байгуулалттай арга хэмжээ авснаар ноолуурын үнийг бууруулахгүй байх боломжтой. Ноолуурын үнийг Хөдөө аж ахуйн бирж малчдад зарлах болно. Ноолуурын бодит үнэ тогтох хүртэл ноолуураа хямд үнээр өгөхгүй, элдэв явуулгад өртөхгүй байхыг малчдад уриалж байна.
-Малчид ямаагаа самнаж дуусаад л ноолуураа тушааж байгаа харагддаг. Энэ нь амьдралын шаардлагатай нь холбоотой байх л даа?  
-Нэг талдаа амьдралын шаардлага ч нөгөө талаар ноолуураа үнэ хүргэж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал асуудал.
-Үндэсний үйлдвэрүүд нийт ноолуурын хэдэн хувийг ашигладаг вэ. Өрсөлдөөн бий болгохгүй хямд үнээр авах нь үндэсний үйлдвэрүүдэд л ашигтай байх, тийм үү?   
-Монголчууд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Өнгөрсөн жил 2700 тонныг нь үндэсний үйлдвэрүүд ашигласан. Энэ жилийн хувьд 3000-4000 тонныг л үндэсний үйлдвэрүүд авна гэж тооцож байна. Үлдсэн нь гадаад зах зээл рүү угаасан, самнасан хэлбэрээр гардаг. Тийм учраас л өрсөлдөөн хэрэгтэй. Үйлдвэрүүдийн хувьд аль болох хямд үнээр авч их ашиг олохыг бодно шүү дээ. Малчид мэдээж боломжийн үнээр ноолуураа худалдаж орлогоо нэмэгдүүлэхийг зорино.
-Монгол ноолуурыг хэчнээн орон руу экспортолдог вэ. Хэдэн хувийг нь БНХАУ руу экспортолж байна вэ?
-Самнасан байдлаар Итали, Япон руу гаргадаг. Ноолуурын 70 орчим хувь нь угаасан хэлбэрээр БНХАУ руу гардаг. Монголын ноолуурын зах зээлийн гол түнш нь БНХАУ-ын бизнес эрхлэгчид.
-Малчид хамгийн эртдээ хэдий үеэс ямаагаа самнаж эхэлдэг вэ. Ноолуурын үнийг яаж тогтоож, хэдэнд зарладаг юм бэ?
-Орчин нөхцөлөөсөө шалтгаалаад гуравдугаар сараас Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгууд ямаагаа самнаж эхэлдэг бол баруун аймгууд тавдугаар сарын сүүлээр ямаагаа самнадаг. Ноолуурын төвлөрсөн худалдаан дээр үнэ ханш бодитой тогтоно.
Иймээс малчид ноолуурын худалдаа, биржийн үнийн мэдээллийг авч ноолуураа зарах нь зүйтэй байна.
-Ноолуур хадгалах хугацааг заагаагүй байдаг ч нийгэм, эдийн засгийн байдал тогтворжтол хадгалж болох уу?
-Болно. Гэхдээ байдал удахгүй цэгцэрвэл, тийм ч удаан хадгалах шаардлагагүй.  Дөрөвдүгээр сар гараад ноолуурын зах зээлд үндэсний болон гадаадын үйлдвэр, компаниуд ноолуур авч үнэ тогтоно гэж үзэж байгаа.
Эх сурвалж: news.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ