Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг шүүнэ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний өргөдлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 09:00 цагт хэлэлцэх юм. Түүнийг эрүүгийн хуулийн 22.4.4-т зааснаар яллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Хахууль авах: "4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ.
эх сурвалж:olloo.mn