ЭМЯ: 24 цагт дэлхийн 14 оронд COVID19-ийн халдвар бүртгэгдсэн
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан Монголд COVID-19 халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойших 24 цагт дэлхийн 14 оронд COVID-19-ын халдвар бүртгэгдсэн байна. Үүнд, Турк, Гвеней, Ямайка, Монгол Улс гэсэн 5 оронд шинээр бүртгэгдсэн.
БНСУ, Итали, Иранд өвчлөл голомтлон эрчтэй тархаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр АНУ-д өвчлөлийн тархалт өндөр байна. Ялангуяа Японд өчигдөр 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өвчлөл гарснаас хойш хамгийн олон тохиолдол гарсан өдөр болсон байна. Тиймээс олон нийтийн арга хэмжээ, соёл, спортын арга хэмжээг цуцалжээ.
Бид цаашдаа цахимаар мэдээлэл өгөх арга хэмжээнд шилжинэ.
Өчигдөр өглөө ДЭМБ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Уг хурлаар COVID-19-ын халдвар дэгдэлтээс гарч цар тахлын хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Гэхдээ дэлхий дахинд хяналтандаа авч чадах цар тахал болох байх гэсэн мэдээллийг хийсэн байна” гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 109 улсад 113702 тохиолдол бүртгэгдмсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж нийт нас баралтын тоо 4012 болсон. Шинээр Бруней, Монгол зэрэг 5 оронд COVID-19-ын халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 17 нас баралт шинээр бүртгэгдсэн.
БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, буурах хандлагатай байна. Нийт 180 гаруй мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн. Тэдгээрийн 89 хувьд нь халдвар илрээгүй.
Италид 1780 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт тохиолдлын тоо 10 мянган давсан. Нас барсан хүний тоо 631 хүрч хоногт 166 хүн нас барсан. Хөл хориог өчигдөр орон даяар хийх шийдвэр гарсан
ДЭМБ-аас олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл тараах, айдас, түгшүүрт автуулахгүй байхыг анхааруулсаар байна” гэв.
Монголд COVID-19-ын халдвар бүртгэгдсэн иргэний орсон газар аюултай гэдэг зүйл байхгүй. Тэр хүний орж гарсан бүх газар голомтын эцсийн халдваргүйтгэлийг заавар журмын дагуу хийсэн гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.