ХӨСҮТ: Халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна
ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр шуурхай хурлыг зохион байгуулж байгаа билээ. Өчигдрийн хуралд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нар оролцож ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирус дэлхийн улс орнуудад эрчимтэй тархаж байна. Одоогоор 99 орныг хамарч, дөрвөн оронд шинээр бүртгэгдээд байна. Иргэдэд сэрэмжлүүлсээр байхад өвчлөл гарсан орон руу зорчсоор байна. Одоогоор манай улсад халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна” гэсэн юм.
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 7-ны мэдээллээр “Covid-19”-ийн халдварын нийт 101 мянга 920 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 106 хүн нас барсан байна. Шинээр таван оронд халдвар бүртгэгдлээ.
БНХАУ-д 28 нас баралт бүртгэгдэж, 102 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь вирусын дэгдэлт буурч буйг харуулж байна. Хятадаас бусад оронд 3633 шинэ тохиолдол нэмэгдсэн. Герман, Испани, Швейцар зэрэг оронд өвчин голомтлон тархаж байна. ДЭМБ-аас Засгийн газар болон нийгмийн бүх шатанд авч буй арга хэмжээ нь вирусын тархалтыг удаашруулж чадаж байгаа тул үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг уриалж байна.Хүн бүр ажлын газар, гэр орондоо бусдыг хамгаалах бүрэн чадвартай” гэдгийг анхааруулав. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал улс орны хэмжээнд урдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байгаа талаар мэдээлэв. Тэрээр “Монголд одоо 52 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлэн байдалд ажиллаж байна. Ялангуяа хил залгаа аймгууд Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул зэрэг аймгийн мэргэжилтнүүд бэлэн байдалтай байна. Одоогоор 901 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Жаргалантын аманд ажиглалтад байсан хүмүүсээс ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд 17 хүн нь гэртээ харьж байгаа. ДЭМБ-ын зөвлөхүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д гуравдугаар сарын 6-нд тусгаарлагдсан гурван хүнд коронавирусын халдвар илрээгүй. Бямба гарагт буюу энэ сарын 7-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж шинжилгээ авсан. Мөн ХӨСҮТ нь энэ сарын 6-нд 13 хүнийг ажиглалтад, “Асралт мед” эмнэлэгт дөрөв, Дархан-Уулд нэг зэрэг 18 хүнийг ажиглалтад авсан. Анхааруулсаар байтал иргэд олон улсын хуралд оролцох зэргээр гадны улс орон руу зорчсоор байна. Тухайлбал, АНУ-д Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум болж, 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцсон хуралд “Remax”-ын 24 ажилтан хоёрдугаар сарын 23-28-нд оролцоод ирсэн байна. Энэ хүмүүсээс гуравдугаар сарын 3-нд эхний таван хүн ирсэн. Одоогоор 16 хүнийг нь ажиглалтад авлаа. Найм нь ирээгүй байна. Тус хуралд оролцсон Канад улсын иргэнд коронавирусын халдвар илэрсэн гэдгийг Монголд мэдээлсэн. Тиймээс Монголд ирсэн 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад авсан” хэмээн онцлов.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин