78 хяналтын цэгийг байгуулан 189 албан хаагч ажиллаж байна
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Дэлхий дахинд айдас түгшүүр төрүүлээд байгаа энэ халдварт өвчин Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас орох, гарах замын хөдөлгөөнийг хорьж, 18 суманд 65, Арвайхээр суманд 13 хяналтын цэгийг байгуулан 189 албан хаагч ажиллаж байгаа бол аймгийн Онцгой комиссын гишүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар албан томилолт, ар гэрийн гачигдал, эмнэлгийн магадлагааг үндэслэн 41 тээврийн хэрэгсэл, 128 зорчигч иргэнд Шуурхай штабаас нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгожээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үүрэг чиглэлийг бүх сумын удирдлагуудад өгсөн бөгөөд спорт заал, фитнес төв, бусад үзвэр үйлчилгээг хориглоод байна.
Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчдад Мэргэжлийн ангиуд, сургууль, цэцэрлэгийн байгууллагууд халуун хоол, цайгаар үйлчилж байгаа аж.