Өвчилсөн малыг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ
Өгийнуур сумын Дойт багийн Хурга бордог, Тоглох багийн Давхар энгэр гэдэг газар нь маш ойрхон хил залгаа багийн нутаг юм. Дээрх газруудад нутаглаж байгаа гурван малчны хотонд хонь шүлс нь гоожсон, гөлийж зогссон шинж тэмдэг илэрсэн гэх дуудлагаар сумын Мал эмнэлгийн тасаг нэгжийн малын эмч нар очиж шинжилгээний дээж авчээ. Аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.
Үүнтэй холбогдуулан Сумын Засаг дарга хязгаарлалтын дэглэм тогтоох захирамж гаргаж, ажлын хэсэг гарган, өвчилсөн малыг устгах, хашаа байрыг ариутгах арга хэмжээ авчээ.
Нийт гурван өрхийн дөрвөн өвчилсөн малыг устгаж, 2500 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Шаардлагатай вакцины захиалгыг Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн боловч вакцин одоогоор ирээгүй байна.
3-р сарын 7-ноос хойш 03-р сарын 11-ний хугацаанд галзуу өвчний шинж тэмдэг үзүүлсэн мал нэмж гараагүй гэдгийг сумын Малын эмнэлгийн тасгийн мэргэжилтэн мэдээллээ. Мөн цас их орсны улмаас бог мал өлдөж, дархлаа нь унаж, эрдэс тэжээллийн дутагдал болон хордлогын шинжтэйгээр хорогдож байгааг хэлэв.