Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 25 орчим хувьд нь өвөлжилт хүндэрчээ
Баруун-Урт сумын ЗДТГ-аас малчин болон мал бүхий иргэдэд 10000 мянган боодол өвсийг малын тоо толгойноос нь хамаарч хуваарилж байгаа аж.Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 80 хувь цагаанаар зудархуу, 25 орчим хувьд нь өвөлжилт хүндэрсэн гэдгийг аймгийн УЦУОШГ-аас мэдээлсэн. Баруун-Урт сумын тухайд өөрийн газар нутаггүй учир Сүхбаатар, Асгат, Халзан Уулбаян зэрэг 7-8 сумын нутагт малчид таран өвөлжиж байна. Цас ихтэй, өвс багатай мал бэлчээрлэхэд хүндхэн нөхцөл үүссэн учраас малчид сумын удирдлагуудаас өвс тэжээлийн дэмжлэг хүсчээ. Тиймээс Баруун-Урт сумын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоороо малчин болон мал бүхий иргэдэд 10000 боодол өвсийг үнэгүй олгож эхэлжээ.
Жил бүр өөрсдийн нөөцөд тулгуурлан бид өвс тэжээл худалдан авч малчиддаа тараадаг. Өнгөрсөн жил 10 мянган боодол өвсийг тарааж байсан бол энэ жил ч гэсэн малчиддаа өвлийг өнтэй давахад нь дэмжлэг үзүүлж мөн 10 мянган боодол өвсийг тарааж байна. Ингэхдээ малчны А данс болон жилийн эцсийн малын тоо толгойг харьцуулан хуваарилалт хийж өвсөө олгож байна гэж Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат хэллээ.
Баруун-Урт сум жилийн эцсийн мал тооллогоор 400 гаруй мянган толгой мал тоолуулсан. Аймгийн 66 багаас тус сумын наймдугаар баг малын тоо толгойгоороо тэргүүлдэг юм.