Нью Йоркийн хөрөнгийн биржийн голлох индексүүд уналаа
Коронавирусийн асуудлаас шалтгаалан пүрэв гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд 9 хувиар унасан үзүүлэлттэй байна. Энэ бол хар даваа гараг гэж нэрлэгддэг 1987 оны 10 сараас хойших хамгийн том уналт юм.
Өчигдөр аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 2352.60 нэгж буюу 9.99 хувиар буурч, 21 200.62 пункт болсон байна. Мөн АНУ-ын зах зээл дээрх 500 том компаниудыг багтаасан S&P 500 индекс 260.74 нэгж буюу 9.51 хувиар буурч 2480.64 пункт болов. Уг индексийн хувьд энэ нь 1987 оны 10-р сарын 19-ээс хойшхи хамгийн тааруу үр дүн юм.
“Nasdaq цахим” биржийн индекс 750.25 нэгж буюу 9.43 хувиар буурч, 7201.80 нэгжид хүрсэн байна.
Аялал жуулчлал, агаарын тээврийн болон хөлөг онгоцны аялал зохион байгуулдаг компаниудын хувьцааны ханш хамгийн их унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Их Британиас бусад Европын орнуудаас ирсэн гадаадын иргэдийн тус улсад нэвтрэхийг хориглосон тухайгаа лхагва гарагт мэдэгдсэн билээ.