Тагнуулын нэгдмэл тогтолцоо: Орчин үеийн чиг хандлага


Тагнуулын болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага, нэгжүүдийн бие даасан хөгжил нь ардчиллын зарчимд нийцнэ гэх
ХХ зууны хоёрдугаар хагасын нийтлэг үзэл хандлага шинэ зуун гарсаар орчин цагийн бодит байдалд нийцүүлэн ойртуулан нягтруулах, төвлөрүүлэн нэгтгэх хэлбэрт шилжих ёстой гэх бодлогод байр сууриа аажмаар тавьж өгсөөр байна. Өрнө, Дорны олон улсад “тагнуулын хамтын нийгэмлэг”, “тагнуулын нэгдсэн хороо”, “тагнуулын нэгдмэл байгууллага” гэх ойлголт хэвшин тогтох төдийгүй хуульчлагдаж эхлэв. Монгол Улсад 2015 оноос хойш өрнөж буй тагнуулын эрх зүйн шинэчлэл энэхүү чиг хандлагын хүрээнд хийгдсэн төдийгүй цаашид гүнзгийрүүлэх, илүү боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна.
Тагнуулын тогтолцооны түүхэн хөгжил
Дэлхийн улсуудын тагнуулын түүх төр улс бүрэлдэн тогтсон эрт цагаас улбаатай гэж үзэх нь түгээмэл. Хэдий тийм боловч ихэнх улсын тусгай алба орчин үеийн хэлбэрээрээ ХХ зууны эхэн үеэс хэлбэржиж эхэлсэн. Харин тухайн улс орны улс төр, төр, эрх зүйн болон цэргийн байгууллын түүхэн уламжлалаас хамааран тогтолцооны хувьд гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуул болон тагнуулын ажил эрхлэх бусад байгууллагын тогтолцоо харилцан адилгүй хөгжиж ирсэн байна. Тагнуулын байгууллагууд хэлбэржин тогтох, институтжих, бэхжихэд дэлхийн хоёр дайн томоохон түлхэц өгчээ. Ялангуяа Дэлхийн I дайны үед Өрнөдийн орнуудын гадаад тагнуулын албад үүсэн бүрэлдсэн гэж үзэх нь олонтаа. Түүнээс өмнө их төлөв тухайн цаг үеийн зорилтод нийцүүлэн гадаад тагнуулын ажиллагаа явуулдаг, түүнд бэлтгэгдсэн хүмүүсийг татан оролцуулдаг практик байсан авч төрийн байгууллагын бүтцэд байр сууриа эзлэх, байнгын ажиллагаатай болох жишгийг 1909 онд Их Британийн Нууц тагнуулын алба (Secret Intelligence Service буюу MI6) байгуулагдсанаар тавигдсан гэж үзэх нь бий. Бидний сайн мэдэх АНУ-ын тусгай албад л гэхэд Дэлхийн II дайн хүртэл бүрэн хэлбэржиж тогтоогүй, тус улсын анхны гадаад тагнуулын бүтэц болох Стратегийн үйлчилгээний алба (Office of Strategic Services) дөнгөж 1942 онд байгуулагдсан байдаг. Ийнхүү ХХ зууны 40-өөд он хүртэл ихэнх улсын тагнуулын байгууллагууд тус тусдаа чиг үүрэгтэй, салангид бүтэцтэй хөгжиж ирсэн ажээ.
Дэлхийн II дайнаас хойш хоёр туйлт ертөнц бүрэлдэн тогтсоноор дэлхийн улсуудын тагнуулын тогтолцоонд хоёр үндсэн загвар эсрэгцэн оршиж ирсэн. Нэг талд нь Өрнөдийн ардчилсан орнууд их төлөв бие даасан байгууллагуудын тогтолцоотой хөгжиж ирсэн байна. Харин нөгөө талд нь социалист лагерийн төдийгүй социалист бус авторитар дэлгэмтэй орнууд гол төлөв нэгдмэл тогтолцоотой байлаа.
[1] Энэ ангилалд социалист системээс гадна орших Ази, Ойрх Дорнод, Латин Америкийн ихэнх улс багтаж байв. Баруун Европт Ф.Франкогийн дэглэмийн үеийн Испанийн Баримтжуулалтын төв алба (Serviso Central de Documentacion, SECED), А.Салазарын удирдлага дахь Португалын Олон улс ба Улсыг цагдан сэргийлэх газар (Policia Internacional e de Defesa do Estado, PIDE) хоёр төвлөрсөн тогтолцоотой байсныг дурдаж болно.[2]
Үүний шалтгааныг тайлбарлахад тийм ч хүнд биш. Авторитар дэглэмийн хувьд үндэсний аюулгүй байдлаа тагнуулын аргаар хангахын зэрэгцээ нийгмээ тоталь хяналтад байлгах, тэрс үзэл гаргуулахгүй байх, өөрөөр хэлбэл, улс үндэстний оршин тогтнохоос гадна дэглэмийн оршин тогтнохын эрх ашгийн төлөө тусгай албыг нэгдмэл зохион байгуулалттайгаар төвлөрүүлэн удирдах прагматик шаардлага байсан гэж үздэг.[3] Харин ардчилсан дэглэмтэй орнуудын хувьд хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд халдах, хязгаарлахыг дотоодын хууль, олон улсын гэрээ, конвенциудаар хориглосон байдаг онцлогтой. Тиймээс тусгай албадын чиг үүргийг зөвхөн үндэсний аюулгүй байдлаа тагнуулын аргаар хангах, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээр хязгаарлан тогтоох, чиг үүргийн давхардал гаргаж, хууль ёс зөрчигдөхөөс сэрэмжлэх үүднээс гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын байгууллагуудыг бие даалган зохион байгуулж ирсэн байна.[4]
АНУ-д гэхэд, “Хүйтэн дайн”-ы жилүүдэд Тагнуулын төв газар (Central Intelligence Agency, ТТГ), Холбооны мөрдөх товчоо (Federal Bureau of Investigation, ХМТ), түүнчлэн техникийн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлын агентлаг (National Security Agency, ҮАБА)-ийн бие даасан байдал ямар нэг хэмжээгээр зөвтгөгдөж байв. Дэлхийн бүс нутаг бүрт ашиг сонирхолтой, түүнийгээ “эрээ цээргүй” хамгаалдаг их гүрний хувьд байж болох төдийгүй зайлшгүй зүйл гэж ойлгогдож байлаа. Мөн улс төрийн тодорхой хүчин зүйл ч нөлөөлжээ. 1972-74 онд ерөнхийлөгч Р.Никсон сөрөг хүчин, өрсөлдөгчөө хууль бусаар тагнахын тулд сөрөх тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдсон “Уотэргейтийн хэрэг” гэгчийн дараа ТТГ, ХМТ-нд бүтцийн болон боловсон хүчний томоохон өөрчлөлтийг хийж, бие даасан байдлыг нь бэхжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авсан байдаг. Үүнээс шалтгаалан АНУ төдийгүй Өрнөдийн ихэнх улсад дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий сөрөх тагнуулын байгууллагыг улс төрийн дээд удирдлага – ерөнхийлөгч, ерөнхий сайдын шууд мэдлээс холдуулж хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын удирдлагад шилжүүлжээ. Чингэхдээ 1990-ээд он хүртэл дэлхийн олон улсад тагнуулын байгууллага, түүний үйл ажиллагааг тусгайлан хуульчилсан тогтолцоо тэр бүр үйлчилж байсангүй. 1990-ээд оноос хойш Зүүн, Төв Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд,[5] мөн Монгол зэрэг посткоммунист улсууд, түүнчлэн социалист бус авторитар дэглэмээс ардчилалд шилжсэн улсууд төдийгүй Баруун Европын зарим орон ч тагнуулын байгууллагын тухай хууль батлан гаргаж, нийтлэг байдлаар дээр дурдсан ардчилсан орнуудын жишиг хандлагыг хуульчилсан байна. Үүнд ялангуяа ХБНГУ-ын Холбооны тагнуулын алба (Bundesnachrichtendienst, BND буюу ХТА) 1990 оныг хүртэл үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн ямар нэгэн актгүй явж ирээд хоёр Герман нэгдсэний дараа өөрийн гэсэн хуультай болсныг дурдах нь зүйтэй.[6]
Тагнуулын тогтолцоо XXI зуунд
XXI зуун гарснаар дэлхийн улсуудын тагнуулын байгууллагуудын тогтолцоонд эрс өөрчлөлт гарах бодит шаардлага тулгарсан. Аюул заналын шинэ хэлбэрүүд, уламжлалт бус аюул, олон улсын терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд тусгай албадын үйл ажиллагаа эн тэргүүнд чиглэх болсон. Ялангуяа 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг урьдчилан илрүүлж, таслан зогсоож чадаагүй нь АНУ-ын тусгай албадын хувьд нэр төрийн томоохон цохилт болсон билээ. Энэ халдлагаас хойш АНУ болон түүний холбоотон орнуудад тагнуулын салангид, бие биеэ даасан олон байгууллагуудын тогтолцооны бодит сул тал, дутагдлыг олж харж, шүүмжилж эхэлсэн юм.
Уг хэргийг мөрдөн шалгах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан “Есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг шалгах комисс”-ын зүгээс “… гадаад, сөрөх, техникийн болон цэргийн тагнуулын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, мэдээлэл цуглуулах, олзворлох, тэдгээрт дүн шинжилгээ хийх нэгжүүд хоорондын мэдээллийн урсгал удаашралтай, байгууллага, нэгжүүд хэт биеэ даасан, харилцан ажиллаж чаддаггүйгээс үүдсэн”[1] гэсэн дүгнэлтийг гаргаснаар тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл болгох реформыг хийж эхэлсэн байна. Үүний үр дүнд Америкийн тагнуулын хамтын нийгэмлэгийг хэлбэржүүлж, ерөнхийлөгчид шууд захирагдах Үндэсний тагнуулын захирлын алба тушаалыг бий болгон, түүний удирдлагад ТТГ, ХМТ, ҮАБА, Батлан хамгаалахын тагнуулын агентлаг (Defense Intelligence Agency, БХТА), тагнуулын бусад байгууллагын дарга нар ажиллахаар заасан шинэ хуулийг 2002 онд тус улсын Конгресс баталж, ерөнхийлөгч Ж.У.Буш зарлиг гарган батламжилжээ.[2] Хууль хяналтын байгууллагуудын тогтолцоог ч нэгдмэл болгож, ХМТ-оос бусад хууль сахиулах чиг үүрэг бүхий бүх агентлагийг шинээр байгуулагдсан Дотоод аюулгүй байдлын яам (Department of Homeland Security, ДАБЯ)-анд мөн оноос эхлэн харьяалуулав.[3] Тагнуулын байгууллагуудын эрх, үүргийг ч үлэмж нэмэгдүүлж, иргэний эрхээр далайлган хязгаарлаж ирсэн байсан өмнөх үеийн практикаас үндсэндээ татгалзлаа. Тусгай албаны үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, үр дүнг эрхэмлэх хоёр зарчмын алийг тэргүүнд эрэмбэлэх талаарх “тэлээ” асуултын мөнхийн гэмээр маргааны шийдэл ХХ зууны сүүл хагаст хүний эрх тал руугаа хэлбийж байсан бол ХХI гарсаар ийнхүү үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, ажиллагааны үр дүн тал руугаа аажмаар давамгайлах хандлагатай болж ирсэн нь энэ байлаа.
АНУ-ынхтай төстэй байдлаар Европын олон орон, Азийн зарим улсад тагнуулын хамтын нийгэмлэгийн тогтолцоог бий болгож, мэдээллийн нэгдмэл удирдлагатай байхаар хуульчилж, эрх, үүргийг нь өргөжүүлэх замаар тусгай албадаа улам бэхжүүлж эхэлсэн нь ХХ зууны хоёрдугаар хагаст бие даалгах, харилцан хамаарлыг нь бууруулах, эрхийг нь хязгаарлах, хумих чиг хандлагын эсрэг загвар болсон байна. Ер нь “тагнуулын хамтын нийгэмлэг” хэмээх ухагдахууныг анх бий болгосон улс нь мөнөөх Их Британи бөгөөд аль 1936 онд Тагнуулын нэгдсэн хороо (Joint Intelligence Committee)–г байгуулсан байв. Харин тус хорооны үйл ажиллагааг илүү институтжсэн хэлбэрт оруулсан ажлын аппарат болох Тагнуулын нэгдсэн байгууллага (Joint Intelligence Organisation)-ыг бүр сүүлд, 2000-аад оны эхээр байгуулжээ.[4] Францад “Шарли Эбдо” (Charlie Hebdo) сэтгүүлийн редакцийн эсрэг үйлдсэн террорист халдлагын дараачаар мөн л Тагнуулын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталж, тусгай албадын төвлөрсөн удирдлагыг илүү шуурхай болгож, эрх хэмжээг нь нэмэгдүүлснийг[5] либерал жигүүрийнхэн багагүй шүүмжилж байв.
Австрали улсын хувьд ч тагнуулын хамтын нийгэмлэгийн уламжлал ХХ зуунаас эхтэй. Тухайлбал, 1977 онд байгуулагдсан Үндэсний үнэлгээний алба (Office of National Assessments) тагнуулын байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоо, бусад үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээж ирсэн ч энэ тогтолцоог хангалтгүй гэж үзэн 2001 онд баталсан Тагнуулын албаны тухай хууль, түүнд 2004 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх хэмжээг нь нэмэгдүүлсэн байна.[6] Харин 2017 онд тус улсын засгийн газарт хандан гаргасан шинжээчдийн зөвлөмжийг[7] үндэслэл болгон мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий сайд М.Түрнбүлл Үндэсний тагнуулын нийгэмлэг (National Intelligence Community) байгуулах тухай захирамж гаргажээ.[8]
Харин зарим улс тагнуулын нэгдмэл тогтолцоог зөвхөн хамтын нийгэмлэгийн хэлбэрээр хязгаарласангүй. Анх ХБНГУ-ын Холбооны тагнуулын албаны бүтцэд цэргийн гадаад тагнуулыг харьяалуулснаар гадаад тагнуулын чиглэлийн төвлөрсөн байгууллага бий болгосoн жишиг тогтсон.[9] ХБНГУ-ын хуулиар, Холбооны зэвсэгт хүчин (Бундесвер)-ий алба хаагчид дотроос тагнуулын ажилд тэнцэж сургалтад хамрагдсан офицер, ахлагчид ХТА-ны хүний нөөцийн мэдэлд шилжин ажиллаж, цэргийн тагнуулын албан үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ ХТА-ны бүтцэд тусдаа цэргийн тагнуулын нэгж байдаггүй, газар зүйн болон бодлогын нэгж тус бүрт улс төрийн гадаад тагнуул, цэргийн гадаад тагнуул, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн гадаад тагнуулын ажилтнууд бараг тэнцүү шахуу тоогоор (нийтэд ил зарим мэдээллээр бие бүрэлдэхүүний 30-40 хувь нь цэргийн алба хаагч байдаг бололтой) ажилладаг.
Албан ёсны цахим хуудсандаа байршуулсан мэдээллээс нь харахад ХТА-ны бие бүрэлдэхүүн дэх цэргийн тагнуулчид тус байгууллагын “OL” (ажиллагааны дэмжлэг, хамтын ажиллагааны газар – энэ нэгж хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй Бундесверийн алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүргийг давхар хүлээдэг)[10], “TA” (радио электрон тагнуул)[11], “LA-LB” (бүс нутгийн улс төр, цэрэг-стратегийн тагнуул)[12], “TW” (зэвсэглэл, зэвсгийн наймаа, цэргийн технологийн тагнуул)[13] гэсэн нэгжүүдэд чиг үүргийн дагуу харьяалагддаг ажээ. Харин захиргааны хувьд “Цэргийн эрдмийн хэлтэс” (Amt fьr Militдrkunde)[14] гэсэн нэртэй бүтцэд харьяалагдах ба тэдний цэргийн цол, сайшаал шийтгэл, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг ХТА-ны цэргийн тагнуул эрхэлсэн дэд ерөнхийлөгч Холбооны Батлан хамгаалах яам, Бундесверийн нэгдсэн штабт уламжлан шийдвэрлүүлдэг бололтой.[15] Зарим мэдээллээр Германы дараа дэлхийд тагнуулын нэгдмэл тогтолцоонд шилжсэн хоёрдахь улс бол Монгол Улс бөгөөд (бүрэн бус баримт мэдээлэл тул дугаарлалт өөрчлөгдөж болохыг анхаарна уу) манай эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй зарим асуудлын талаар төгсгөл хэсэгт өгүүлэх болно. Сүүлийн жилүүдэд төвлөрсөн тогтолцоонд ХБНГУ, Монгол Улсаас гадна Тайванийн тусгай албад шилжсэн,[16] мөн нэлээд хэдэн улс үүнтэй төстэй өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байна. АНУ-ын хувьд ч, 2002 онд оруулсан өөрчлөлтөөр буй болгосон Үндэсний тагнуулын захирлын ажлын аппаратыг өөрчлөн зохион байгуулж нэгдсэн командлалын статустай Үндэсний тагнуулын зөвлөл (National Intelligence Council) байгуулах шаардлагатай хэмээх зөвлөмжийг 2016 онд Бүгд найрамдах намын үзэл баримтлалыг дэмждэг “Хэритэж” сан (The heritage Foundation)–гийн аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлийн шинжээчдээс гаргасан байна.[17] Эндээс дараах хоёр дүгнэлтийг хийж болно. Үүнд нэгд, тагнуулын хамтын нийгэмлэг буюу нэгдмэл тогтолцоо нь нэгэнт орчин үеийн нийтлэг жишиг болсон төдийгүй нэг байгууллага болгон төвлөрүүлсэн тогтолцоо ч ирээдүйн хандлага боллоо гэж үзэж болохоор байна. Хоёрт, Монгол Улс тусгай албаа шинэчлэхдээ юутай ч дэлхий дахины шинэ нийтлэг хандлагаас хоцорч бус, угтаж, тэргүүн эгнээнд яваа болох нь харагдана.
Нэгдмэл тогтолцооны ач холбогдол
Тагнуулын нэгдмэл байгууллагын ач холбогдлыг дараах үндэслэлээр тодорхойлж байна:
1. Аюул заналын харилцан хамаарал бүхий олон төрөл, хэлбэртэй нэгдсэн хүчээр тэмцэх чадавхийг нэмэгдүүлсэн. Дэлхий дахин, манай улсын оршин буй бүс нутагт уламжлалт болон уламжлалт бус аюул заналын хүчин зүйлс нэмэгдэж, тогтворгүй байдлын голомт намжих төлөвгүй байна. Ийм нөхцөлд тусгай албад салангид үйл ажиллагаа явуулах нь нөхцөл байдлыг харилцан адилгүй үнэлэх, зөрүүтэй мэдээллийг төр, засгийн удирдлагад танилцуулах зэргээр шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж байсан түүх дэлхийн улс орнуудад байдаг. Үүний нэг жишээ нь Афганистанд Зөвлөлтийн цэрэг оруулахын өмнө Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ), ЗХЖШ-ын Тагнуулын ерөнхий газар (ГРУ)-ын байр суурь нэгдмэл биш байснаас ЗХУ-ын дээд удирдлага стратегийн алдаатай шийдвэр гаргасан гэж үздэг. Мөн өмнө өгүүлсэн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг урьдчилан илрүүлж, таслан зогсоож чадаагүйгээс үүдэн АНУ болон түүний холбоотон орнуудад тагнуулын салангид, бие биеэ даасан олон байгууллагуудын тогтолцооны бодит сул тал, дутагдлыг олж харж, залруулж, тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл болгох реформыг хийж эхэлсэн байна.
2. Жижиг улсын хувьд тагнуулын хүч, хэрэгсэл, зардлыг оновчтой, үр ашигтай төлөвлөх боломж бүрдсэн. Тагнуулын үйл ажиллагаа бол хүн хүч, техник, санхүүгийн нөөцийн зарцуулалт ихээр шаарддаг тул бие даасан байгууллагуудад хуваарилах нь үр ашгийг бууруулж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр дүн муутай зарцуулахад хүргэнэ гэж дэлхийн улс орнууд үзэх хандлага XXI зуун гарсаар нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-ын Холбооны тагнуулын албыг өөрчлөн зохион байгуулахдаа ийм үндэслэлээр улс төрийн болон цэргийн тагнуулыг нэгтгэн нэгдмэл бүтцэд оруулсан байна. Ингэснээр тагнуулын үндсэн нэгжүүдэд адил түвшинд дэмжлэг үзүүлэх нэгжүүдийг төвлөрүүлж, зардал хэмнэх бололцоо бүрдсэн байна.
3. Дэлхий нийтийн шинэ жишиг, хандлагад нийцсэн шинэчлэл болсон. ХХ зууны сүүл хагаст дэлхийн ихэнх улсад тусгай албадаа бие даалгах, харилцан хамаарлыг нь бууруулах, эрхийг нь хязгаарлах, хумих чиг хандлагатай явж ирсэн бол ХХI гарснаар АНУ, ХБНГУ-д хийсэн тагнуулын шинэчлэл, үүнтэй төстэй байдлаар Европын олон орон, Азийн зарим улсад тагнуулын хамтын нийгэмлэгийн тогтолцоог бий болгож, мэдээллийн нэгдмэл удирдлагатай байхаар хуульчилж, эрх, үүргийг нь өргөжүүлэх замаар тусгай албадаа улам бэхжүүлж эхэлсэн.
4. Тагнуулын хүний нөөцийн чадавх нэмэгдэх нөхцөл бүрэлдсэн. ХБНГУ-ын хувьд, нэгдмэл тусгай алба бүрэлдэн тогтсоноор улс төрийн гадаад тагнуулын ажилтнуудын цэргийн хэргийн мэдлэг дээшилсэн, Бундесверээс татагдан ирсэн цэргийн тагнуулын ажилтнуудын хууль, эрх зүй, дипломат ёс жаяг, тусгай албаны ажилтанд тавих шаардлагын талаарх мэдлэг, дадлагад дэвшил гарсан гэж үздэг.
5. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад нэгдмэл тогтолцоо илүү баталгаа болдог. Аль ч улсын хувьд тусгай алба нь үндэсний аюулгүй байдлыг хангах дээд эрх ашгийн үүднээс, шаардлагатай тохиолдолд, хууль хяналтын байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор хүний эрхийг тодорхой хүрээ, цаг хугацаанд хязгаарлах үүрэг гүйцэтгэдэг. Ийм эрх бүхий байгууллага, субъектийн тоо олон байх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлд нийцэхгүй. Энэ үндэслэлээр тагнуулын байгууллага нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа болдог байна.
Монгол Улсын тагнуулын эрх зүйн шинэчлэл ч дээрх зарчмуудын хүрээнд хийгдсэн байна. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны хуулийн үзэл санаа дээр өгүүлсэн дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, тагнуулын нөөц бололцоо, зардлыг үр ашигтай төлөвлөх, аюул заналын харилцан хамаарал бүхий хэлбэрүүдтэй уялдаа, холбоо, зохион байгуулалт сайтайгаар тэмцэх чадавхийг бүрдүүлэх зорилготой юм. Ингэснээр тагнуулын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг оновчтой төлөвлөх, тооцох, хянах бололцоо бүрэлдэж байгаагийн дээр эрх, үүргийн хувьд ч бэхжүүлэх агуулгаар хийгдсэн шинэчлэл болохыг дурдах нь зүйтэй. Эрх зүйн энэхүү шинэчлэлийн үр дүнд Монгол Улсад тагнуулын болон төрийн цэргийн байгууллагуудын хамтын нийгэмлэг бодит утгаараа бүрэлдэн тогтох, тэдгээрийн харилцан ажиллагаа гүнзгийрэх боломж нээгдсэн.
Дүгнэлт
ХХI зуун гарсаар дэлхийн улсуудын тагнуулын байгууллагуудын тогтолцоонд дараах гурван чиглэлээр нийтлэг өөрчлөлт ажиглагдаж байна. Нэгд, тэр бүр эрх зүйн зохицуулалтаар бус, төр, засгийн дээд байгууллага, институтүүдээс гаргасан захирамжлалын баримт бичгээр зохицуулагдаж ирсэн харилцааг хуульчлан тогтоох жишиг тогтов. Хоёрт, гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуул, техникийн тагнуул, тагнуулын бусад байгууллагын салангид, бие даасан байдлыг эргэн харж, ойртон нягтруулах, зарим тохиолдолд нэгтгэх замаар тагнуулын хамтын нийгэмлэг, төвлөрсөн аппарат, зарим улсад бүр тагнуулын нэгдсэн байгууллага байгуулах чиг хандлага нийтлэг болов. Гуравт, аюул заналын гэнэтийн, олон төрөл хэлбэрт шинж улам нэмэгдэж байгааг харгалзан тагнуулын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж, “ардчилсан хяналт”-аас илүү “үр дүн, гүйцэтгэх чадвар”-ыг чухалчлан үзэх болов.
Дээрх гурван чиг хандлагаас Монгол Улс хоцорсонгүй, манай тагнуулын эрх зүйн шинэчлэл дэлхийн улс орнуудын хэмжээнд тэргүүлэх туршлага болж байна. “Тагнуулын байгууллагын тухай” хуулиар бий болсон давуу талыг бүрэн ашиглаж, хуулийн хэрэгжилтийн бодит үр дүнг хэмжих хугацаа болоогүй байна. Ийм үед уг хуулийн үзэл санаа, хэрэгжилтийг эргэн харах, өөрчлөх тухай ярих нь эртэдсэн хэрэг болно. Харин тагнуулын эрх зүйн энэхүү шинэчлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх, үүнтэй холбоотойгоор бусад харилцааг зохицуулсан хууль, тогтоомжуудын хоорондын нийцлийг сайтар хангах шаардлагатай.
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
скачать dle 12.0

Холбоотой мэдээ