Дэлхийг ядууруулж буй коронавирус

Коронавирусийн цар тахал нь дэлхийн эдийн засгийг сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямралын ирмэгт авчраад байна. Эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт сарнин замхарч, вирусийн халдварыг эмчлэх зардал нүдний өмнө илт өссөөр. Титэмт вирусийн халдварын улмаас дэлхийн дахинд олон арван тэрбум долларын хохирол учраад байгаа бол үүнийг зөвхөн эхлэл хэмээн эдийн засагчид үзэж байгаа тухай ВВС агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков бичжээ. 
Европ, АНУ-д хөл хорио тогтоохоос өмнө, санхүүгийн болон түүхий эдийн зах зээлд уналт болохоос өмнө шинжээчид “дэлхийн ДНБ-ний өсөлтийн хурд буурна” гэж таамаглаж байсан бол одоо тэдний ихэнх нь дэлхий дахинаараа хямралд нэрвэгдэж ядуурна гэдэгтэй санал нэг байна.
Айсуй эдийн засгийн уналт нь 10 жилийн өмнө болсон санхүүгийн сүйрлээс илүү хор хөнөөлийг хүн төрөлхтөнд учруулах болно. Учир нь, энэ удаад үүссэн асуудлууд нь илүү гүнзгий, илүү өргөн хүрээтэй байгаа юм.  10 жилийн өмнө уналтанд ороод байсан банкны тогтолцоог аврахын тулд Төв банкууд мөнгө хэвлэж байлаа. Харин өнөөдрийн энэ хямрал нь аж үйлдвэр, үйлчилгээний салбар гээд эдийн засгийг бүхэлд нь нураажээ.
“Энэ удаад асуудал өөр байна. Бодит эдийн засагт саатал гарсан учраас зөвхөн Төв банкуудын хүчээр түүнийг арилгана гэдэг бол боломжгүй” гэж дэлхий хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох BlackRock-ийн шинжээч Руперт Харрисон үзэж байна. “Дэлхийн санхүүгийн системийн хямрал, еврогийн бүсийн хямралын дараа боловсруулсан хямралын эсрэг арга хэмжээнүүд нь огт өөр асуудалтай тэмцэх зорилготой байсан, харин өнөөдөр бүх зүйл өөрөөр эргэлээ” гэж коронавирусийн цар тахлын талаар эдийн засагчдын бичсэн ил захидалд онцлон дурджээ. 
Улс орнуудын эрх баригчид хямралын шалтгаан, үр дагаврыг арилгахын тулд татвар төлөгчдийн олон зуун тэрбум долларыг зарцуулахаас аргагүйд хүрээд байна. Үүний тулд шуурхай бөгөөд шийдмэг, хөрш орнуудтайгаа харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй. Гэтэл олон орны улстөрчид энэ бүхнийг арай ядан хэрэгжүүлж байна.
Хэдий хэмжээний зарлага гарах бол? 
Хямралтай тэмцэхийн тулд мөнгө хөрөнгө зарцуулна гэдгээ зарим улс орон мэдэгдээд байгаа. Зарим улсад улстөрчид нь асуудлыг хоорондоо хэлэлцсээр байгаа. Одоохондоо таамаг төдий тоо сонсогдож байгаа боловч мөнгөн дүн 100 тэрбум доллароос аль хэдийнэ давжээ. Гэсэн хэдий ч энэ мөнгө хүрэлцэхгүй гэдэг нь тодорхой.
Нэг сарын хөл хорионы улмаас учирсан хохирлыг нөхөхийн тулд Европын Холбооны гишүүн орнууд жилийн хугацаанд 350 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоог хэсэг эдийн засагчид хийжээ. Энэ мөнгийг юуны түрүүнд цар тахлыг зогсоох, хоёрдугаарт, эрэлтийг дэмжиж, нийгмийн тогтвортой байдлыг хангах, гуравдугаарт, бараа үйлчилгээний нийлүүлэлтийг сэргээхэд зарцуулах аж.
Хөл хорионы улмаас цалингаа авч чадахгүй байгаа хүмүүс, ажиллах хүч, нийлүүлэгчид болон хэрэглэгчдээ алдсан компаниудад төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Ийм дэмжлэгийг төсвийн татаас, татварыг хойшлуулах, нөхөн төлбөр олгох хэлбэрээр үзүүлж болох юм.
Бизнесийнхэн ч мөн түгшүүр зарлаж, тэдний тусламж хүссэн эхний дуудлагуудыг харвал, зөвхөн ашиг орлогоо алдсанд хэргийн учир биш ажээ. Олон сая хүн ажилгүй болж, олон мянган компани дампуурч болзошгүй байдалд орсон байна.
Эрх баригчид тун амаргүй сонголтын өмнө ирээд байна: одоо бизнесийг дэмжих үү, эсвэл дараа нь ажилгүйчүүдийг дэмжих үү? Татварын орлого буурснаас үүдэн төрийн санд байгаа мөнгө улам л багассаар байгаа үед шүү дээ. 
 
Ром дахь Испани шатны дэргэд эл хуль  
Хямралд хамгийн ихээр өртсөн салбарууд бол аялал жуулчлал болон агаарын тээвэр юм. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс анхааруулж байгаагаар, цар тахлын улмаас тус салбарт 50 сая ажлын байр үгүй болж, энэ онд гэхэд аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдахаар байна. Зөвхөн Испанид 2 дугаар сард гэхэд зочид буудлуудын өрөө дүүргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-30 хувиар буурчээ. 
Авиакомпаниуд Ази, АНУ, Европ руу хийж нислэгийн тоо эрс цөөрүүлсэн ба иргэний агаарын тээврийн салбарт түүхэнд байгаагүй хурц хямрал нүүрлэх гэж байгаа тухай яриа дэгджээ. Нисэхийн компаниуд засгийн газраас олон тэрбумын тусламж хүсэж байна.
Түүнчлэн үйлчилгээний бүх салбар, тухайлбал, зоогийн газар, киностуди,такси үйлчилгээ хүнд байдалд оржээ. Их спортын салбарынхан телевизийн шууд дамжуулалт, тасалбар борлуулалтаас олдог байсан олон тэрбумын орлогоо алдаад байна. Тэр ч бүү нефтийн үнийн огцом уналтын улмаас шоконд орсон нефть-хийн салбарынхан хүртэл төрөөс татаас авахаар оочерлон зогсожээ.
Энэ бол зөвхөн эхлэл 
Гэтэл харилцан туслалцах кассанд мөнгө хомс байна. АНУ-ын төсвөөс гаргах тусламжийн багцын асуудлыг Конгрессийн доод танхим дөнгөж саяхан л хэлэлцлээ. Тусламжийн хэмжээ 10 тэрбумаас их, гэхдээ Д.Трампын хүссэн 50 тэрбумаас бага гэдэг нь багцаагаар мэдэгдэж байна. 
Түүнчлэн Европын Холбоо 40 орчим тэрбум евро гаргах гэж байгаа бололтой. Швейцарь, Өмнөд Солонгосын засгийн газрууд тус бүр 10 тэрбум доллар, Египет улс 6 тэрбумыг улсынхаа сангаас гаргахаар шийдвэрлэсэн бол Франц, Австрали, Шинэ Зеланд, Япон зэрэг улсууд төрийн сангийн мөнгөөр эдийн засгаа дэмжихийн тулд боломжтой бүхнийг хийнэ гэж мэдэгджээ. Хятад улс татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох замаар үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Гэтэл эдгээр улсын аль нь ч хямралын үр дагаврыг бүрэн хэмжээгээр мэдрээгүй байгаа билээ.
 
Хямралын үр дагавар маш ноцтой байх болно гэж ОУВС болон Б.Обамагийн засгийн газарт удирдах албан тушаал хашиж байсан эдийн засагч Мохамед эль-Эриан ярьж байна. Тэрбээр мөн хөрөнгө оруулалтын Pimco сан ба Allianz даатгалын компанид ажиллаж байсан юм. “Хөгжингүй орнуудын ард иргэдийн хэзээ ч өмнө нь туулж байгаагүй илүү ноцтой, өргөн хүрээтэй асуудал, хүндрэл бэрхшээлүүдтэй дэлхийн дахин тун ойрын үед тулгарах болно” гэж ноён эль-Эриан дүгнэн хэллээ.
Коронавирусийн халдвар тархахаас өмнө эдийн засагчид “дэлхийн эдийн засаг 2020 онд 3 орчим хувиар өснө” хэмээн таамаглаж байлаа. Гэтэл одоо тэд хямрал болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хямрал хэр удаан үргэлжлэх вэ гэдэг дээр л санал зөрөлдөж байна.
Хэрвээ оны эцэст дэлхийн эдийн засагт өсөлт гарахгүй бол ойролцоогоор 4 их наяд долларын алдагдал үүснэ гэсэн үг. Энэ бол Европын хамгийн том эдийн засаг болох Германы ДНБ-ээс давсан, Оросын ДНБ-ээс 2,5 дахин их тоо юм.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг АНУ, Европын Холбоо /ЕХ/, Хятад гурвын хоёрынх нь эдийн засаг өсөлттэй гарах хүлээлт байгаа бол ЕХ бүсээ чангалахад аль хэдийнээ бэлтгээд эхэлжээ. Дэлхийд хамгийн томд тооцогддог АНУ-ын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч тус улсын эдийн засагчид дэвшүүлсэн таамаглалаа эргэн нягталж байна. АНУ, Хятад ба ЕХ-ны эдийн засаг нийлээд дэлхийн ДНБ-ний 2/3-ыг бүрдүүлдэг учраас Европт уналт болж, Хятадад өсөлт удаашрах нь дэлхийн эдийн засгийг зогсонги байдалд шууд оруулна. Үүний дээр нефть болон металлуудын үнийн уналтын улмаас түүхий эд олборлогч орнуудад учирч буй хүндрэл нь нөхцөл байдлыг улам ч бүрхэг болгож байгаа юм.

Барууны орнуудад үүссэн асуудлуудын цар хүрээ нь статистик мэдээлэлд одоохондоо тусгагдаагүй байгаа. Гэхдээ Хятадад 2 дугаар сард аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт идэвхжил зогссон гэдгийг тооцвоос Барууны эдийн засагт хэр зэргийн хүндрэл үүссэн бэ гэдгийг багцаалан мэдэж болно.
Б.Адъяахүү
Эх сурвалж:ВВС    
скачать dle 12.0

Холбоотой мэдээ