"Номинтав Трейд" ХХКомпанийг 20 сая төгрөгөөр торгожээ
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ нөхцөлд аж ахуйн нэгж, албан байгууллага хэрхэн ард иргэдийг хохироохгүй байх зөвлөмж болон хяналт шалгалтын явцад хийсэн ажлаа танилцууллаа.
Хяналт шалгалтын явцад зарим нэг томоохон аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироон ор үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь тогтоогдсон бөгөөд тэдгээр байгууллагуудад тодорхой хэмжээний мөнгөн торгууль ноогдуулжээ. Өнгөрсөн долоо хоногт E-Mart дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгоод байсан бол энэ долоо хоногт Номинтав Трейд ХХК-г зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
“МУ-ын ЗГ-ын 2020 оны 78 дугаар тогтоолын дагуу “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хянат тавьж, нийлүүлэлтийн болон үнийн төвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг” үүрэг болгосон. Энэ чиг үүргийн дагуу ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч 03 дугаар сарын 12-ноос 16-ны хооронд Номинтав Трейд ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнэ нэмсэн талаар хяналт хийсэн. Шалгалтаар уг компани хонины ястай махыг нэг килограмм тутамд 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Өмнө нь үхрийн цул мах 14499 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон” гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээллээ.
ТӨР.МН
Т.АЛТАНЗАГАС
Т.АЛТАНЗАГАС