Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн зураглаачийг Д.Баттөр яагаад тусгаарлалгүй явуулав?
МИАТ ТӨХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр Монгол улсын 231 иргэн ирснээс бөөрний эмчилгээ хийлгэх шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, халдвар бүртгэгдсэн, эрсдэл өндөртэй газраас ирсэн, халуурсан зэрэг шинж тэмдэгтэй 17 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан талаар өчигдөр мэдээлж байсан.
Гэвч эдгээр иргэн дунд корона вирусийн халдвартай хүн байсныг тогтоосноо өчигдөр 22 цагийн үед ЭМЯ албан ёсоор мэдээлсэн. Мэдээлэхдээ “Иргэдээ авчрахдаа эрсдэл байгааг тооцоолж байсны дагуу зохих бэлтгэлээ хангасан. Тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан” хэмээж байсан ч баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус онгоцоор ирсэн “Херо энтертайнмент”-ийн зураглаач Төрхүү гэгч залууг тусгаарлалгүй, “дээрээс ярьж” явуулсан ноцтой мэдээлэл ирлээ.
Монгол улсын Засгийн газар жирэмсэн, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдээ гадаадаас авч байгаа. Гэтэл энэхүү шаардлага, дүрэм журамд багтахгүй, “Херо энтертайнмент”-ийн зураглаач Төрхүү болон Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч энэхүү онгоцоор зорчино гэж зүтгэжээ. Онгоцны экипажийнхан боломжгүй талаар удаа дараа тайлбарлаж, арга барагдахдаа нааш мэдээлэхэд “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр “авчир” хэмээн үүрэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францаас Берлинд ирж онгоцонд суусан уг иргэн анхнаасаа корона вирусийн шинж тэмдэгтэй байсан тул онгоцны хойд хэсэгт гялгар уутаар бүтээн, тусгаарлан авчиржээ. Түүний хажуугийн 3 дугаарын сандал дээр зураглаач Төрхүү болон Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч сууж явжээ. Улаанбаатарт буусан даруйд зорчигчдыг тусгаарласан бол Төрхүүг “дээрээс захьсан” тул халууныг нь хэмжиж, асуумж бөглүүлээд явуулсан байна.
Энэ нь МИАТ ТӨХК-тай холбоотой “дээрээс үүрэгдсэн” саяхны хоёр дахь тохиолдол болоод байгаа юм.
МИАТ ТӨХК-ийн дэд захирал асан Ш.Гантулгыг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд бизнес ангиллын суудал гарган өгч, бүхээгийн дүрэм зөрчсөн гэдгээр ажлаас халж байсан бол тусгай үүргийн онгоцоор зорчих эрхгүй энгийн иргэдийг авчрахыг үүрэгдсэн, хамгийн ноцтой нь бараг бүх зорчигчдыг “Амар” зочид буудалд тусгаарлаад байхад, зураглаач Төрхүүг тусгаарлалгүй явуулсан МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрд ямар хариуцлага тооцох нь сонин байна.
Бид энэхүү мэдээллийн дагуу "Херо энтертайнмент"-ийн захирал Б.Баатар руу залгасан боловч, тэрээр дуудлага хариу өгөөгүй болно.
Livetv.mn