ЭЕШ-ын хугацааг хойшлуулахгүй

ЭЕШ-ын хугацааг хойшлуулахгүй
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулах тов гараад буй. Шалгалттай холбоотой зарим асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг товлосон хугацаанд нь зохион байгуулах уу. Шалгалт хойшлох магадлал бий юу?
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. ЭЕШ-ийг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 8-наас 11-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн. Магадгүй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийн хичээлийн агуулга хоцрогдсон гэдэг асуудал яригдаж байна. Хичээл хоцрогдлыг арилгах зорилгоор орон даяар теле хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Дээр нь элсэлтийн шалгалтад зориулсан хичээлийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл манай төвөөс Монголын телевизүүдийн холбоотой хамтран  явуулж байна.
Магадгүй хорио цээрийн дэглэм цуцлагдвал Бямба гариг бүрт хичээллэж, зургадугаар сарын 8-ныг хүртэл хичээлийн агуулгыг бүрэн шахъя гэсэн Боловсролын яамнаас тавьж буй зорилтын дагуу ажиллаж байна. Харин шалгалтыг хойшлуулах эсэх асуудлыг одоо ярих боломжгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалах болов уу.
-Энэ жилийн хувьд 28 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэх тооцоо байна. Их, дээд сургуульд элсэгчдийн нэгдсэн дүн гарсан уу?
-Энэ жилийн хувьд 28.600 гаруй хүүхэд ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсч байна. Жил бүр ЭЕШ-ын дүр зургийг ажиглахад тухайн жил төгсч буй хүүхдүүдийн 98 хувь нь ЭЕШ өгдөг. Үлдсэн хувь нь өөр сонголт хийдэг. Тиймээс энэ жилийн хувьд өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 32 мянга гаруй хүүхэд, залуус элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцоолж байна.
-Монгол хэлний шалгалтыг гуравдугаар сард зохион байгуулахаар товлосон ч хойшлогдсон. ЭЕШ-аас урьдчилсан шалгалтыг зохион байгуулах, өмнө агуулгаа шахаж амжих уу?
-ЭЕШ-ын бүртгэлийг хоёрдугаар 10-ны өдрөөс гуравдугаар сарын 14-нийг хүртэл бүртгэхээр төлөвлөж байсан ч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор бүртгэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулсан. Хоёрдугаарт, эхний шалгалтыг гуравдугаар сарын 28-нд товлосон ч хойшлуулж, дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Урьдчилсан шалгалтыг босго онооны болзол хангаагүй, хүндэтгэх шалтгаанаар өгч чадаагүй тохиолдолд дахин шалгалтыг тавдугаар сарын 16-нд зохион байгуулна.
Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд монгол хэл бичгийн шалгалтад босго оноо нь хүрээгүй тохиолдолд ЭЕШ өгч чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байдаг. Шалгалтын агуулга нь ямар нэгэн хөтөлбөрөөр хэмждэггүй. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал өгөх ёстой шалгалт юм.
-Энэ жилийн хувьд ЭЕШ-ыг заавал судлах судлагдахуунаар нь авч хөнгөрүүлэхээр болсон гэдгийг салбарын сайд мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
ЭЕШ-ийг өмнөх жилүүдэд элсэгчид 10 хичээлээр /математик, монгол хэл, нийгмийн ухаан, түүх, физик, газарзүй, биологи, англи хэл, орос хэл/ сонгон шалгалт өгдөг байсан. Эдгээр арван хичээлийг судлагдахуун гэж нэрлэдэг. Элсэгчид хамгийн багадаа хоёр хичээл сонгодог. Энэ жилийн хувьд заавал судлах агуулгаар нь шалгалтын сэдэв боловсруулахаар төлөвлөсөн. Элсэгчдийн хувьд заавал судлах болон сонгон судлах хичээлийн агуулгаар шалгалт өгдөг. Учир нь, сонгон судлах агуулга сонгоогүй заавал судлах агуулгын хичээл сонгосон элсэгчид тухайн судлагдахуунаараа шалгалт өгнө гэсэн үг. Тиймээс бүх хүүхдэд тэгш боломж олгох үүднээс заавал судлах хичээлээр шалгалтын агуулгыг боловсруулна.
-Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог бууруулах уу?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас барьж буй бодлогоор хичээлийн агуулгыг нөхнө гэж үзэж байна. Элсэгчид теле хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх бүрэн боломжтой. Энэ нь тухайн хүний хичээл зүтгэлээс л шалтгаална. Өнгөрсөн жил их, дээд сургуулиудын босго оноо 480 байсан. БСШУСЯ-наас энэ жилийн босго оноог одоогоор тогтоогоогүй байна. Харин босго оноог тогтоосны дараа их, дээд сургуулиуд босго оноогоо өөрсдөө тогтоох болов уу. Миний бодлоор элсэгчдийн босго оноог бууруулахгүй байх гэж бодож байна.
Б.ЦЭЦЭГ
NEWS.MNскачать dle 12.0

Холбоотой мэдээ