Эдийн засгаа эртхэн аврахыг анхааруулж, эрх баригчдад хүргэсэн шаардлага
Урд хөршид КОВИД 19-ийн анхны тохиолдлыг өнгөрсөн арван хоёрдугаар сард бүртгэсэн. Удалгүй буюу нэгдүгээр сарын 6-нд шинэ төрлийн вирус хурдацтай тархаж байгааг дэлхий нийтэд мэдэгдсэн юм. Иймд манай улсад нэгдүгээр сарын 24-нд бүх цэцэрлэг сургуулийг хаав. Төд удалгүй БНХАУ руу нэвтрэх авто болон агаарын замуудыг хаасан. Мөн бусад улсуудаас нэвтрэх бүх гарцаа ч хаагаад байна. Иргэдийн эрүүл мэндийн төлөө авч буй арга хэмжээ, хөл хорио тодорхой үр дүн өгч байгаа ч өрхийн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд хүнд тусав. Тэдний орлого тасалдан, зээлийн эргэн төлөлт саатаж эхэлжээ. Иймд эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэд халдвараас урьдчилан сэргийлэхэд хамаг анхаарлаа хандуулаад буй эрх баригчдад шаардлага хүргүүлэн, угаас урд хөршөөс ихээхэн хамааралтай, эмзэг эдийн засагтаа анхаараач гэж хүссэн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 5 багц, 21 санал хүргүүлж, нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардав. Тэдний байр суурийг хүргэж байна:
МҮХАҮТ: БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ ХУВИАР БУУРУУЛСАН НЬ ХАНГАЛТГҮЙ
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Бодлогын хүүг бууруулсны сацуу төсвийн бодлогоо өөрчлөн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, Зээлийн батлан даалтын сангийн удирдлагууд багтдаг.)-ийг нэн даруй хуралдуулах шаардлагатай. Энэ хэвээр байвал ажилгүйдэл 20 хувиар өсөх эрсдэлтэй. Одоо манайд 35 мянган хүн ажил хайж байна. Энэ тоо өсвөл иргэдийн авсан цалингийн, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саарна. Энэ оны төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ бол анхаарах ёстой тоо. Мөн улсын төсвийн орлогыг өмнөх оноос 24 хувиар нэмсэн нь хэрэгжих боломжгүй. Эдийн засгийн хүндрэл оны эхний хагаст үргэлжилнэ. Бусад улсууд ДНБ-ийнхээ 0.5 хувьтай тэнцэх дэмжлэгийг олгож байна. Манай ДНБ-ий 0.5 хувь гэхээр 1 их наяд төгрөг болно. Ийм хэмжээний дэмжлэг үзүүлбэл ажлын байраа хадгална.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРАХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ
Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Гаднаас шинэ хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Өмнө нь эхэлсэн төслүүдээ өргөжүүлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн хурдан үр дүнгээ өгөх боломж юм.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХОЛБОО: БАЙДАЛ 3-4 САРЫН ДАРАА УЛАМ ДОРДОНО
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Эдийн засгийн нөхцөл байдал 3-4 сарын дараа улам дордоно. Иймд улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай. ЖДҮХС мөнгөгүй болсон. Энэ санд мөнгө хуваарилан, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих шаардлагатай. Энэ салбар хамгийн түрүүнд хүндрэлд өртдөг.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО: ЦАЛИНГҮЙ, ОРЛОГОГҮЙ БОЛЖ, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ СААТСАН БОЛ БАНКАНДАА ХАНДААРАЙ
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал О.Амар: Хэрэв та цалингүй, орлогогүй болсон бол шууд банкандаа хандаарай. Дийлэнх банк торгууль, нэмэлт төлбөр, алданги авахгүй байгаа. Зээлээ хугацаанд нь төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд тухайн иргэн, ААН-ийн талаарх мэдээллийг бүртгэдэг. Ингэснээр дараа нь зээл авахад өмнөх мэдээлэл сөргөөр нөлөөлөх талтай. Иймд бид Монголбанк, Сангийн яаманд Зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан. Бусад орнуудын авч буй арга хэмжэээг харвал ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ААН-үүдэдээ Төв банкаараа дамжуулан зээл олгож байна. Манай Засгийн газар энэ чиглэлд одоо ажиллахгүй бол байдал хүндэрнэ. Хэдийгээр Төв банк бодлогын хүүгээ буулган, 300 орчим тэрбум төгрөгийн үнэт цаасаа сулласан ч банкуудын нөхцөл байдал өөр өөр тул энэ мөнгө шууд зээл болж зах зээл рүү гарахгүй. Энэ эх үүсвэрийг банкууд төлбөрийн чадвараа хангахад зарцуулна. Эдийн засгийн цусны эргэлт зогссон энэ үд төр засаг дамжуулан зээлдүүлэх арга хэмжээ авч, ажлын байраа бууруулсан ААН-д тэрхүү зээлээс олгохгүй байх, ялгаатай бодлого баримтлах нь зөв.
Н.ЭНХБАЯР: БОДЛОГЫН ХҮҮ ШИДЭТ ДОХИУР БИШ
Эдийн засагч Э.Энхбаяр: АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулсны дараа Австрали, Канад, Их Британи гэх мэт олон оронд бодлогын хүүг буурууллаа. Энэ дагуу манай төв банк ч бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан нь боломжийн хэмжээ. Одоогийн нөхцөлд үүнээс илүү буулгах боломжгүй. Гэхдээ энэ шийдвэр бүх асуудлыг шийдэж чадахгүй. Бодлогын хүү шидэт дохиур биш. Улсын төсвийг өнгөрсөн арван нэгдүгээр сард батлахад цар тахлын сураг ч байгаагүй. Иймд өнгөрсөн гурван жилийн байдалдаа үндэслэн эдийн засаг 5-6 хувиар сэргэнэ гэсэн. Гэтэл одоо нөхцөл байдал огт өөр болов. Энэ бол ердийн өвчин биш гэдэг нь тодорхой боллоо. ДЭМБ-аас цар тахал гэж зарласнаар энэ халдварыг хянах боломжгүй гэж үзлээ. Дэлхийд гурван өөр голомтод зэрэг тархсаар. Өмнө нь дэлхий нийт ийм том хэмжээний сорилттой нүүр тулсангүй. САРС гээд Хятадын цөөн мужид тархсан. Мөн өмнө нь дэлхий одоогийнх шиг нэгдмэл, бие биеэсээ хамаарал багатай байв. Харин одоо аялал жуулчлал ямар болсон билээ. Хятадын бүх нутгийг хурдан галт тэрэг бүрхсэн тул халдвар тэр хэрээр хурдан тархлаа. Иймд өндөр хөгжилтэй орнуудын таамаглалд үндэслэн маш хурдан үнэлгээ хийх шаардлагатай. Хамгийн хэцүү нь ханган нийлүүлэлтийн сүлжээ дэлхий нийтийг хамарсан. Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг АНУ, Европын орнуудад худалддаг. Энэ тогтолцоо нурчихлаа. Бид нүүрсээ экспортод гаргасан ч гангийн үйлдэрүүдийн худалдан авагч нь машин, усан онгоц үйлдвэрлэгчид. Тэдний борлуулалт саарсан. Энэ сүлжээний бүх шат дамжлагад доголдол үүсэв. Одоо арга хэмжээ авбал бид бага зардлаар их эрсдэлийг хаах боломжтой. Цаг алдах тусам зардал өснө. Хувийн хэвшлийнхэн нийгмийн даатгалын шимтгэл, нэмүү өртгийн албан татварыг түр зогсоох, зээл, зээлийн хүүтэй холбоотой хүндрэлийг хөнгөвчлөх, 1072 хувьцааны ногдол ашгийг яаралтай олгон, цалингүй, эмзэг бүлгийн иргэдээ дэмжих санал ч гаргасан. Мөн улс төрийн хүчнүүд энэ асуудалд анхаарч эхлэв.
АН: ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВСАН ИРГЭД, ААН-ИЙН ЗЭЭЛИЙГ 3 ХУВЬД ШИЛЖҮҮЛЬЕ
Шинэ коронавирусийн халдварын улмаас эдийн засагт үүсэх хүндрэлийг шийдэх саналуудыг АН-ын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлжээ. Гэвч хариу ирэлгүй 15 хоносон тул ийнхүү энэ сарын 16-нд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв. Тэд 2020-2022 оныг дамжин барих байгууламжуудыг зогсоосноор хэмнэх 355 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д шилжүүлэх хуулийн төсөл боловсруулжээ. Өндөр хүүтэй зээл авсан иргэд, ААН-ийн зээлийг 3 хувьд шилжүүлэх санал гаргав. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тул хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэв. Гэвч эрх баригчид тэдний саналыг хүлээн авах, эсэх нь эргэлзээтэй.
ХҮН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭТ НАЗГАЙ БАЙНА
Хөдөлмөрийн үндэсний нам болзошгүй хямралыг даван туулах иж бүрэн хөтөлбөр боловсруулснаа танилцуулав. Монгол Улс Covid-19-тэй муугүй тэмцэж байгаа ч хямралд бэлэн биш байна. Иймд хүндрэлийг даван туулах, эдийн засгийг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэв. Учир нь төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасрах аюул нүүрлэлээ. Энэ нөхцөлд Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу төсвөө тодотгохоос аргагүй. Энэ онд нийт 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө орууллат хийх төсөв баталсан. Үүний 2.2 их наяд төгрөгийн өртөг бүхий төслүүдийг царцаая. Тухайлбал музей, сумын төвийн шинэ барилга, баримал зэргийг зогсоож болно гэсэн юм.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал болно. Энэ хурлаар сайд нар дээрх саналуудыг хэлэлцэнэ гэж хувийн хэвшлийн төдийгүй улс төрийн хүчнүүд ч найдан хүлээж байна.
Эх сурвалж: www.gogo.mn