БНХАУ АНУ-ын импортод ногдуулсан татварыг 2 дахин бууруулна
БНХАУ-ын эрх баригчид АНУ-аас импортолж буй нийт 75 тэрбум ам.долларын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг хоёр дахин бууруулна. Энэ тухай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гаалийн татвар, тарифын хорооны мэдэгдэлд дурджээ. Энэ арга хэмжээ 2 дугаар сарын 14-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
“БНХАУ, АНУ хоорондын худалдаа эдийн засгийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гаалийн татвар, тарифын хороо АНУ-аас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулсан арга хэмжээг залруулах шийдвэр гаргасан. 2020 оны 2 дугаар сарын 14-нөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 1-нд бараа бүтээгдэхүүнд харилцан 10 хувийн татвар ногдуулсныг 5 хувь болгоно. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нд ногдуулсан 5 хувийн татварыг 2.5 хувь болгоно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
“Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зохих хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллаж, тохиролцоогоо биелүүлнэ гэж БНХАУ найдаж байна” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.