ҮАБЗ өнөөдөр хуралдана
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 16:00 цагаас хуралдахаар болжээ. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд:
"Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн" гэж тодорхойлжээ.
Сүүлийн үед дэлхийн улс, орнуудад шинэ коранавируст халдвар буюу COVID-19-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж, 150 улсад бүртгэгдэн улмаар нийт халдвар авсан хүний тоо 170 мянгыг даваад буй. Энэ байдал дэлхийн олон улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй бөгөөд манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нөхцөл үүсээд байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа билээ. Иймд цаг үеийн тус асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсох бололтой.
Montsame.mn