Иргэдийг хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөв
Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс хачигт халдварын идэвхжлийн үе эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөв.
Тухайлбал, Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх, халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх. хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэхийг сануулав. Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгах, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа.
Түүнчлэн малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх, малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх хэрэгтэйг сануулав.
Харин хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж сугалан авч битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах, хачигны тос түрхэх, хазсан газрыг спирт эсвэл тамедины уусмалаар арчих, хүйтэн жин тавих, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар Говь-Алтай аймагт хачигт халдварын 50 тохиолдол бүртгэгдэж байсан ажээ. Эдгээр тохиолдлуудын 70 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас, үлдсэн 30 хувь нь хачигт халдварын голомтот бүс нутаг болох Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр гэх мэт сумаас бүртгэгдсэн байна.
Montsame.mn