БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ
Коронавирусний дэгдэлтийн улмаас хохирол амссан жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор 50 их наяд вон буюу 39 тэрбум орчим ам.долларын багц арга хэмжээ авахаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эдийн засгийн асуудлаарх шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ.
“Энэхүү шийдвэр нь 50 их наяд вон бүхий цогц бөгөөд урьд өмнө нь авч байгаагүй санхүүгийн онцгой арга хэмжээ юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон худалдаа эрхлэгчид, хувийн бизнес эрхлэгчдийн хөрвөх чадварыг хангах зорилгоор засгийн газар, банк, санхүүгийн байгууллагууд хамтарсан. Нөхцөл байдал хэрхэхээс хамаарч тусламжийн хэмжээг нэмэгдүүлж магадгүй” хэмээн Мүн Жэ Ин мэдэгджээ.
Шуурхай зөвлөгөөнд БНСУ-ын Сангийн сайд бөгөөд Шадар сайд Хон Нам Ги, БНСУ-ын Төв банкны тэргүүн Ли Жу Ёль нар оролцсон байна.