Н.Тилеухан: Наурызыг шашны баяр гэж ойлгож болохгүй
Наурызын баярын өдөрт
Анчин бүргэд, аялгуут домборын эзэд Казах түмний үндэсний их баярын өдөр өнөөдөр тохиож байна. Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Энэхүү сайхан баярыг тохиолдуулан Казах түмний төлөөлөл болгон Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга Н.Тилеуханыг зочны хоймортоо урьж, хол ойрын сонин хуучлан үндэсний их баярынх нь талаар хөөрөлдсөн юм.
-Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр казах түмэн шинэ хавраа угтан авч, өнөр бүлээрээ цуглан идээ зоогоо хүртэж, өвгөд аксакалуудаа хүндэтгэн золгодог сайхан уламжлалтай билээ. Танд Наурызын баярын мэнд хүргэе. Өнө удаан жилийн түүхтэй эл баярын үүх түүхээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Юун түрүүнд Монгол, эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт казах түмэндээ үндэсний их уламжлалт баярын халуун мэндийг, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Казах хэлэнд "Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, Кавказ гээд 50 гаруй орон өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй. Ер нь Наурызын баяр маань өнө эртний түүхтэй. Судлаачид, түүхчдийн үзэж буйгаар манай эриний өмнөх 684 оны үед анх Наурызын тухай гэж тэмдэглэгдэн үлдсэн гэж бичсэн байдгаас үзвэл Наурыз өнө эртний түүхт баяр, хосгүй өв уламжлал юм. Тийм ч учраас Нэгдсэн үндэстний байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа Олон улсын Наурызын өдрийг тунхагласан байдаг.
–Наурызын өглөө юунаас эхэлдэг вэ?
-Өдөр шөнө тэнцсэн, хаврын урь орсон ийм сайхан өдрийг манай казахын ард түмэн шинэхэн өглөөний нарыг харж, тухайн жилийнхээ өнгийг шинждэг. Ингээд л идээ будаагаа засаж, ах дүү хамаатан садантайгаа хавартай урин золгосны баяр болгож тэмдэглэдэг заншилтай. Наурызын баяраар аксакал буурлууддаа зочилж, айл хотлоороо, сум багаараа Наурыз көжеге идэж, залуучууд нь дуу хуураа өргөж, настан буурлуудаа хүндэлдэг сайхан баяр. Энэ баяраар хамгийн настай аксакал хүн ерөөл айлтгаж, хамгийн хүндэтгэлийн идээнээс хүүхдүүд, залуучууд, ирсэн зочиддоо хувь хүртээдэг өдөр. Наурызын баяраар ах дүү нар тэр жилийн сайхныг билэгшээгээд хоорондоо хэрүүл уруул хийхээс аль болох хол байж, нэг нэгэндээ гомдсон бол тэр гомдлоо тайлж эв найрамдал тогтоодог ёс жудагтай байдаг юм.
-Дэлхий даяар 300 гаруй сая хүн Наурызын баярыг тэмдэглэдэг гэдэг. Тэдний дундаас Монголын Казах түмэн Нарны баяраа илүү сайхан, илүү ёслол төгөлдөр, уламжлал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн ном зохиол, олон улсын эрдэмтдийн судалгаа бий. Тэр ч утгаараа эл баяр нь өөрийн гэсэн хатуу ёс жаягтай байдаг болов уу. Энэхүү сайхан зан заншилаас дээжлэн хүргэвэл?
-Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурдан үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглон инээлдэж хөөрөлдөн, хүн амьтан гомдоосон бол нэг нэгнээ уучлан баярладаг уламжлалтай.
Мөн Казах түмэн Наурызын баяраа угтан рашаан булаг, хашаа хороо, гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг. "Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн билгэдэж ирж буй жил сайхан жил болно гэж баярладаг.
Харин золгохын тухайд, эл баярын өглөө эрчүүд нь өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь "амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч – хоёр гар минь эрүүл энх байг” гэсний билгэдэл юм.
–Наурызын баярын зоогийн ширээ яах аргагүй нүд баясгам сайхан харагддаг. Мэдээж баярын зоог өөрийн гэсэн утга учир илэрхийлдэг болов уу. Энэ талаар?-Баярын хамгийн гол хоол бол "Наурыз-көже” шөл. Энэ нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү гэсэн долоон орцоос бүрддэг. Баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсөж үрждэг, бурхнаас өршөөлтэй байх гэсэн утгыг илтгэдэг юм. Наурызын шөл болон бусад идээ будаагаар ирсэн зочдоо дайлах ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн билгэдэл. Мөн манайхан Наурызыг тэмдэглэхдээ долоогийн тоог заавал оруулдаг. Энэ нь долоо хоногийн нийт гаригийн тоо бөгөөд үүгээр гариг бүхнийг ижилхэн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буйн илрэл юм. Мөн алс хол яваа болон настан буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалдаг. "Наурыз”-ын баярын хатуу сархад болон энэ төрлийн бүх л ундаа уухыг хатуу цээрлэдэг. Харин идээ будааны хувьд, нэг хүн барагцаагаар 40 гаруй айлаас идээ будаа амсах ёс заншилтай байдаг. Азай буурал, өвгөд хөгшид маань залуус бидэнд ингэж хэлж сургадаг. Түүнчлэн эмэгтэйчүүд хоол ундаа яг ёсоор нь бэлтгэж идээ будаагаа аль зэрэг сайн хийснээс тэр жилийн өнгө тодордог гэж үздэг.
–Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс Олон Улсын "НАУРЫЗ”-ын баярыг угтсан нэлээдгүй ажлуудыг хийдэг. Гэвч энэ жил таагүй мэдээтэй учраас хэдэн мянган жилийн түүхтэй Нарны баяр өнжих нь ээ. Энэ жилийн баяраар ямар төлөвлөгөөтэй байв?
-Манай Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг томоохон хэд хэдэн арга хэмжээнүүд байдаг. Тэдгээр томоохон арга хэмжээнүүдээс дурьдвал "НАУРЫЗ”-ын баяр, "Бүргэдийн баяр”, Нутгийн нэгдсэн золголт, "Домборын эгшиг-2019” хүндэтгэлийн тоглолтыг нэрлэмээр байна. Мөн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн.
Олон Улсын "НАУРЫЗ”-ын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жилийн турш зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард "Бүргэдийн баяр”-ыг Монгол Улсад 19, Улаанбаатар хотод 13 дахь удаагаа зохион байгуулсан. Өнгөрөгч жил болсон бүргэдийн баярыг гадаад дотоодын нийт 20 мянган гаруй хүн үзэж, сонирхжээ. Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн. Мөн бүргэдийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг сүүлийн жилүүдэд зохион байгуулдаг болсон.
Өнгөрсөн жил ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвтэйгээр 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулсан. Тэрхүү ЭШБХ-ыг зохион байгуулсны үр дүнд БСШУСЯ, БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран бүргэд их хорогдож буйтай холбоотой энэ чиглэлээр бүтээл туурвих сонирхолтой оюутан залуусыг сургаж, цаашид судалгаа шинжилгээний ажилтан бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн БСШУСЯ-наас санхүүжилтийг нь гарган бүргэдийн талаарх эмхтгэл номыг гаргасан."НАУРЫЗ”-ын баярыг угтсан бас нэгэн том арга хэмжээ бол хүндэтгэлийн тоглолт. Өнгөрсөн жилийн "Домборын эгшиг-2019” хүндэтгэлийн тоглолтод төр засгийн өндөр албан тушаалтнууд, олон орны элчин сайдууд хүрэлцэн ирсэн нь тус арга хэмжээ жил ирэх бүр нэр хүндтэй болж буйг илтгэж байна. Мөн "НАУРЫЗ”-ын баярт зориулсан спортын олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Харамсалтай нь энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирус гарсантай холбоотойгоор бүх арга хэмжээ цуцлагдсан учир "НАУРЫЗ”-ын баярыг угтсан арга хэмжээнүүдээ зохион байгуулж чадсангүй.
–Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ цэгнэдэг нь хүний ёс. Өнгөрөгч жил танай нутгийн хувьд хэр ээлтэй байв?
-Монгол эх орон болон Баян-Өлгий аймгийн маань эдийн засаг, нийгэм, хүн зоны маань амьдралд хөгжил дэвшил авчирсан, түүхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй жил байлаа.
–Нарны баярын ерөөлөөр энэ удаагийнхаа ярилцлагыг жаргаая даа?
-Өнөө жил хэдийгээр өвчин зовлонтой байгаа ч эргэх цагийн жамаар урин хавар, "Нарны баяр”-тайгаа айлчлан ирлээ. Монгол Улсын туурга нэгт ахан дүүс бүхэн минь эрүүл энх байж, буян заяа нь өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
–Ярилцсанд баярлалаа, Танд ажлын өндөр амжилт хүсье.