Нүүдэлчдийн соёлын дархлаа ба хүн төрөлхтөнд үлдээсэн “ҮНЭ ЦЭНЭ”

Энэ бол Монгол. Өнөөдрийг хүртэл биднээс өөр хэн ч хийж чадаагүй тэр агуу гүрний үргэлжлэлийн дэлхий дахинд үлдээсэн мянга мянган гайхамшиг бий. Гэхдээ тэр гайхамшиг дотроос өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өдий хүртэл хадгалж яваа казахын ард түмний НАУРЫЗын мөн 6000 жилийн тэртээх ан хийх уламжлалыг тээж ирсэн бүргэдийн соёлын талаар та бүхэнтэйгээ онцлон хуваалцах гэж байна.
Өнөөдөр гуравдугаар сарын 22. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн казахын ард түмэн мөн дэлхийн 300 сая хүний урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр. Бас өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Нөгөөтэйгүүр казахын ард түмэн үеийн үед алтан нараа шүтэн дээлж ирсэн нэг талаараа Наурыз бол нарны баяр юм.

Нэгэн шинэ өдөр эхэлж байна. Ургахын улаан нараа бүгдээрээ баясалтай угтаж, амны билэгтэй хүн энэ өдөр шинэ оны ургах нарнаар апагийн /эмээ/ шашугаас /хишиг/ хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа, хүн болгоны гарт өгчихгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов зэрэг зүйл багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог ч уламжлал бий.
Мөн баяраар аксакалуудаа /өвгөд/ хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлдан үлдээдэг онцлогтой.
Наурызын баяраар казахын ард түмэнд архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь " харам” буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй.

Наурызын баярын мартаж боломгүй бас нэгэн заншил бол казах түмэн энэ л өдрийг угтан эрчүүд нь рашаан булгийн эх, хашаа хороо, орчин тойрноо цэвэрлэж, маргааш нь шинэ бүхэн эхэлж байна гэсэн утга агуулдаг. Харин эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь Цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билгэддэг учиртай юм. Мөн "Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол "тэнгэрийн хишиг орлоо" хэмээн билгэдэж, "ирж буй жил сайхан жил болно" гэж баярладаг.
Нүүдэлчдийн үнэ цэнийг уламжилсан Наурызын баяр нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотойгоор нэг хэсэг тэмдэглэдэггүй байв. Харин 1990 оноос хойш 2000 жилийн түүхтэй Наурыз жинхэнэ утгаараа эргэж ирсэн гэж болно.
Бидний энэ сайхан баярын талаар олон мэдээлэл бий учраас энд хүрээд өндөрлье.
Эл дашрамд Монголын болон дэлхийн нийт казах үндэстэн, Наурызын баярыг тэмдэглэж буй бусад орны ард түмэнд баярын мэнд хүргье.
6000 жилийн тэртээх өвийг тээж яваа ард түмэн

Гадны учир мэдэх жуулчид, судлаачид нүүдэлчдийн ахуйг бараг устаж үгүй болсон гэх бодолтой байдаг. Гэхдээ тэд Монголд ирснийхээ дараа "Яг л кинон дотор байгаа юм шиг” мэдрэмж төрдгөө ч нуудаггүй.

"Бүргэдийн баяр”-ын цар хүрээ олон улсын анхаарлын төвд очсны нэг жишээ дурьдахад өнгөрөгч онд хийсэн тус баярыг гадаад, дотоодын нийт 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон байна. Мөн Монгол руу зорих жуулчдын хайлтад хамгийн их өртдөг түлхүүр үгэнд Алтай таван богд, "Бүргэдийн баяр” оржээ.


Казахын үндэстний ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. "Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй” учиртай.
Бүргэдийг гаршуулахад олон шинж тэмдгийг хардаг талаар хашир бүргэдчид ярихыг сонсож байлаа. Хамгийн түрүүнд нүдийг нь хардаг аж. Мөн гадна талын биеийн байдал болоод хөлийн сарвуун дээр үе байдаг. Энэ үе олон байх тусмаа хаан бүргэдийн шинжийг агуулдаг юм билээ. Ан хийлгэж сургах, бүргэдээ буцааж ирүүлэх гээд маш нарийн дадлыг эзэмшүүлэхийн тулд цаг хугацаа, нарийн мэдрэмж, байгалийн холбоо их чухал. Энэ бүхэн хүн төрөлхтөнд үлдээсэн их "ҮНЭ ЦЭНЭ”, их өв юм.

Манай бүргэдчид нөхөн үржих, тоо толгойг нь өсгөх зорилгоор уг шувууг 6-10 настайд нь байгальд нь буцааж тавьдаг учиртай.
Хүн төрөлхтний биет бус соёлын гүн их өвийг бидний ард түмэн улам бүр хөгжүүлж, сая сая жуулчдын үзэх дуртай хамгийн чухал баяр, соёл болгоход бүгд хичээх ёстой цаг үе ирлээ.
Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь
Нутгийн зөвлөлийн дарга Нажкейн Тилеухан

