65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна
БНХАУ-ын угаарын хий мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн байна. Иймд Улаанбаатар хотод дараагийн 65 мянган угаар мэдрэгчийг НОБГ, НАБТГ хүлээн авч, айл өрхөд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж, заавар зөвлөгөөг нь хүргэсэн. Гэвч угаарын хийн мэдрэгчийг үйлдвэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогссон юм. Үүнтэй холбоотой угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах үйл ажиллагаа түр хугацаагаар хойшилсон байсан.
Тус угаар мэдрэгчүүдийг үйлдэрээсээ битүүмжлэн гаргаж, Монгол улсын хилээр дахин халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсний дараа Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал хийж хүлээн авсан байна.
Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр эдгээр 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөсөн.
Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэд та бүхэн хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.