Боршоогийн боомтоор орж ирсэн 58 иргэнийг Улаангомд тусгаарлаад байна
ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Увс аймгийн 53 оюутныг энэ сарын 21-ний өдөр Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтоор оруулж, Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлаад байна.
Үүнээс гадна Кызыл хотоос улсын хилээр нэвтэрсэн 4 иргэнийг тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Мөн Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж Боршоогийн хилээр ирсэн Увс аймгийн иргэн П-г коронавирусний халдварын голомттой бүс нутгаас ирсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан шинжилгээ авч, ХӨСҮТ-ийн вирус судлалын төв лабораторид илгээгээд байна. Өнөөдрийн байдлаар Улаангомд Монгол Улсын 58 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн эдгээр 58 иргэнийг мэргэжлийн байгууллагууд өндөр хяналт, шалгалтын дор хүлээж авсан бөгөөд оюутнуудын хувьд Кызыл хотноо эмчийн хяналтад байжээ. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах бөгөөд УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу аймгийн Онцгой комисс ажиллаж байна.
Улаангом политехник коллежийн дотуур байрны халаалт муу, өрөөнүүд нь хүйтэн байсныг Дулааны 2-р станцын удирдлагад мэдэгдэж, хэвийн хэмжээнд хүргүүлсэн байна. Мөн хүнсний эрүүл ахуйчийг ажиллуулж, хоол хүнсэнд тогтмол хяналт тавьж байгаа аж. Өрөө тасалгааны журам мөрдөгдөж байгаа эсэхийг хянах үүднээс коридорт хяналтын камер байрлуулсан байна. Түүнчлэн оюутнуудын онлайнаар хичээл хийх боломжийг бүрдүүлэхээр болсон байна.
Коллежийн дотуур байранд тусгаарлагдсан иргэдэд өнөөдөр 14-16 цагийн хооронд эргэлт оруулах юм байна.