"Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар коронавирус багадаа 16-18 сар хамт байх нь"
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд нөхцөл байдал амаргүй байна. Зарим улс оронд нь өвчлөл буураад байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлага гарч байгаа. Тиймээс тайвшрах болоогүйг Харвардын их сургуулийн судлаачид онцлон тэмдэглэж, хийсэн судалгааныхаа үр дүнд уг вирус 16-18 сар хамт байх нь хэмээж байна.
Олон улсад вирусийн тархалтыг хязгаарлах, бууруулах хамгийн үр дүнтэй арга нь 21 хоног тусгаарлах гэж үзэж байгаа. Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон сунгасан. Энэхүү шийдвэр нь олон судалгаа, шинжилгээнд суурилсан алхам юм.
Тухайлбал, АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулиас 10 мянган хүнийг хамруулан судалгаа хийхэд 101 хүнд 20 хоног дээрээ вирус ялгаруулж байв. Мөн Хятад, Японы найрамдалт эмнэлгийн судалгаагаар 20 хоногийн хугацаанд өвчтөн вирус тээж, ялгаруулсан байна. Түүнчлэн өвчтөн нас барсан ч биеэс нь вирус ялгарсан тохиолдол байгаа. Бид энэ бүх судлаачдын судалгаа, бусад орны туршлагад үндэслэн тусгаарлах хоногийг сунгасан" гэв.
Б.БАДАМГАРАВ, IKON.MN