Бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээлэл өгч байна.
Өнөөдөр өглөөний мэдээгээр коронавирусын халдварын 88436 тохиолдол бүртгэгдэж, 3041 хүн нас барж, 44843 хүн эмчлэгджээ. Хятадаас гадна БНСУ-д халдварын тохиолдол хамгийн олон буюу 3736 болж, 20 хүн нас барсан бол Италид 1694 хүн халдвар авч 34 хүн нас барлаа. Харин Иранд 978 тохиолдол бүртгэгдэж, гадны орнуудаас хамгийн олон буюу 54 хүн нас барсан бол Япон улсад 256 тохиолдлоос зургаан нас баралт бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Сүүлийн 24 цагийн дотор ковид 19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.” гэв.
Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн. БНСУ-д халдварын зургаан голомт байна гэж үзэж байна. “
ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байгаа. Ард иргэд маань эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж өвчлөл буурснаас харагдаж байна. Тухайлбал, улаан бурхан, гар хөл амны өвчин гэх мэт бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа.
Мөн томуу, томуу төст өвчин буурч байна. Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна олон халдварт өвчнөөс сэргийлж байна" гэлээ.