Токиогийн Олимпын наадмын шинэ товыг танилцууллаа
Токиогийн Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдээллээ. Шинэ коронавирусний цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
Паралимпын наадмын хувьд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох ажээ. Зохион байгуулагчид олон улсын спортын тэмцээнүүдтэй хуваарийг нь зөрүүлэх үүднээс хавар зохион байгуулах гэх мэт хэд хэдэн сонголтыг харгалзан үзсэний дүнд ийм шийдвэрийг гаргасан байна.
“Олимпын наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан нь олон сорилт, асуудлыг бий болгосон. Гэсэн хэдий ч шинэ товыг хурдан гаргаснаар бэлтгэл ажлаа хурдан гүйцэтгэх боломж бүрдэнэ” гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори Олон улсын олимпын хорооны/ОУОХ/төлөөлөгчидтэй теле хуралдаан хийсний дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдэхдээ, Олимпын наадмын тов гурван долоо хоногийн дотор гарна хэмээн найдаж байна хэмээсэн боловч энэхүү шийдвэр ердөө дөрөвхөн хоногийн дараа гарсан нь энэ юм.
Олимпын нээлтийн шинэ тов энэ оны долдугаар сарын 24-нд болох байсан өмнөх товоос ганцхан өдрийн зөрүүтэй байгаагаас үзэхэд наадмын төлөвлөгөөг дахин боловсруулах ажлыг хөнгөвчлөхийн тулд ийм шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж "NHK" суваг мэдээлжээ.Токиогийн Олимпод түүхэн дэх хамгийн олон буюу 10 мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа бөгөөд тэд спортын 33 төрлийн 339 тэмцээнд хүчээ сорих юм.