Олимпыг хойшлуулахаас аргагүйд хүрэх нь
- Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой
- Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа
Коронавирусийн цар тахал нэмэгдэхийн хэрээр олимпын наадам цуцлагдах уу, хойшлох уу гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл ням гарагт яг энэ асуудлаар хуралдлаа. Улмаар ойрын дөрвөн долоо хоногт баг тааж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдэв. “Дэлхий нийтээр улам дордож буй нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх зөвлөл төлөвлөлтийн дараагийн алхмыг эхлүүллээ. Эдгээр хувилбар нь олимпын наадмын үйл ажиллагаа болон наадмын эхлэх өдрийг өөрчлөхтэй холбоотой” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ. “Наадмыг цуцлах хувилбар хэлэлцсэн асуудлын жагсаалтад байхгүй. Харин олимп эхлэх хугацааг хэдэн сар, магадгүй бүтэн жилээр хойшлуулах хувилбарыг хэлэлцсэн” хэмээн эх сурвалж өгүүлэв. Энэ талаар Их Британийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Хью Робертсон “Гүйцэтгэх зөвлөл олимпын наадмыг хойшлуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж буйд талархаж байна. Өнөөгийн нөхцөлд олимп зохион байгуулах нь зохимжгүй” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. ОУОХ-ны удирдлагууд саяхныг хүртэл олимпын наадмыг цуцлах юм уу хойшлуулахгүй, товлосон хугацаанд нь зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно хэмээн мэдэгдэж байв. Гэвч вирусийн тархалт хүрээгээ тэлэхийн хэрээр олимп хугацаандаа зохиогдоно гэх найдвар улам бүр багассаар байна. Тиймдээ ч олимпыг хойшлуулах хувилбарыг хүссэн хүсэээгүй авч хэлэлцэхээр болсон бололтой. Хэрэв олимпын наадам цуцлагдвал Япон улс 11.3 тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээнэ гэх тооцоо бий. Үүнийг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улс орнууд ОУОХ-нд шахалт үзүүлж эхэллээ. Тухайлбал, Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Мөн Бразил, Норвег, Словен, Колумб, Хорват улс олимпын наадмыг хойшлуулах хүсэлт тавьжээ. ОУОХ-ны хувьд Японы Засгийн газар, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргана гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзвэл олимпыг хойшлуулах шийдэлд хүрэхээс өөр аргагүй болж байх шиг. Нөхцөл байдлыг маш сайн хянана гэж зориглоод хугацаанд нь зохиолоо ч гэсэн АНУ, Австрали, Канад тэргүүтэй спортын том гүрнүүд оролцохгүй гэдгээ мэдэгдчихлээ. Ийм шийдвэр гаргах улс цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Хэрэв хүчирхэг гүрнүүд оролцохгүй бол олимпын наадам давсгүй хоол мэт болно. Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой.