Монгол улс Коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төсөл боловсруулна
ЭМЯ-наас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийж, коронавирусийн халдварын талаар мэдээлэл хүргэлээ. Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын үед ажиллах хууль гаргаж байгаа бөгөөд ОХУ өчигдөр коронавирусийн халдварын үед ажиллах хуулиа баталлаа. Монгол Улс ч Коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төсөл боловсруулахаар ЭМЯ-д ажиллаж эхэлж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “НҮБ-ын гишүүн болох 195 орноос 17 улс коронавирусийн халдвар аваагүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн II дайнаас хойш хамгийн олон хүнийг хамарсан тахал гарлаа. Иймээс улс орнууд эв нэгдлийн хүчээр давж гарч чадна” гэж мэдэгдлээ.
Мөн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа “АНУ-д өчигдрийн байдлаар 800 гаруй хүн нас барсан бол Испани, Францад мөн нас барсан хүний тоо өмнөх өдрөөс өссөн үзүүлэлттэй байна. Харин Италийн Ломбарди мужид гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт бага багаар буурч байгаа бөгөөд тус мужид гуравдугаар сарын 30-ны байдлаар 458, 31-ний байдлаар 381 нас баралт бүртгэгдсэн байна” гэж мэдээлэл өгсөн юм.