Хорт хавдрын үндэс хуванцар сав
Манай улсын иргэдийн 70 гаруй хувь нь ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, жүүс гэх мэт хүнсний янз бүрийн нэр төрлийн бүтээгдэхүүн хадгалах, зөөж тээвэрлэхдээ химийн бодисхадгалах зориулалт бүхий хуванцар савыг өргөн хэрэглэдэг.Энэ нь эрүүл мэндэд хортой хар тугалга, хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй формальдегид, диоксин зэрэг бодисыг агуулдаг байна.
Бидний ашиглаж байгаа хуванцар саван дахь хар тугалганы хэмжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, “Ундны ус- Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 үндэсний стандартад 0.01 мг/л байна хэмээн заасан байдаг. Гэтэл тосны канистерт энэ хэмжээнээс 500-800 дахин их, Формальдегидын шилжилтийн зөвшөөрөгдөх хэмжээ 0.1мг/л байхаас1800-3900 дахин их агуулагддаг гэх судалгаа байдаг. Хамгийн аюултай нь энэхүү саванд агуулагддаг Формалин гэх бодисын хэмжээ хадгалалтын хугацаа ихсэх тусам өсч байгаа нь хүний биед илүү хортой болж байна гэсэн үг юм.
Иргэдийн ус, сүү нөөцлөх, зөөхдөө ашиглаж байгаа том цэнхэр канистер гэхэд луул уурхайн хорт бодис тээвэрлэх зориулалттай аж. Энэ хуванцар саванд хийсэн хүнсний бүтээгдэхүүнд химийн хорт нэгдэл шилжиж байдаг. Гэвч үүнийг бид төдийлөн мэддэггүй. Энэ саванд хийсэн сүүнд гэхэд л 2900-28000 дахин их, усанд 3600 дахин их химийн хорт бодис шингэдэг гэсэн судалгаа байдаг.
Иргэд яагаад хэрэглэх болов?Монголчууд 1960-аад оноос аж үйлдвэрт химийн хорт бодис ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш савыг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөх зориулалтаар хэрэглэжээ. 2000 оноос уул уурхай эрчимтэйхөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрөл бүрийн химийн бодисын хэрэглээ нэмэгдэж, түүний сав нь уул овоо мэт овоорсон аж. Сүүлийн зургаан жилд гэхэд л давхардсан тоогоор 7500 гаруй нэр төрлийн 2.4 ая тонн химийн бодис импортолтлосон байна. Ийм их хэмжээгээр оруулж ирсэн чсавыг нь зориулалтын дагуу устгадаггүй. Үүнийг зохицуулах ямар ч эрх зүйн орчин байхгүйгээс сүү, тарагны наймаачид хэрэглэж, улмаар иргэдийн ундны усаа нөөцлөх, зөөх байнгын хэрэглээ болтлоо тархжээ.
Иргэд ийн хэрэглэх болсон бас нэг шалтгаан нь хямд үнэ. Хуванцар сав газар авахаас өмнө бид “дөчит”, “хорит” гэлцдэгтөмөр, хөнгөн цагаан сав ашигладаг байсан. Гэтэл аж үйлдэртэй холбоотойгоор ашиглахад хялбар, хөнгөн, хямд үнэтэй хуванцар сав гарч ирсэн байна. Нарантуул худалдааны төвд 25 литрийн хөнгөн цагаан бидон 120 мянган төгрөгний үнэтэй байдаг. Харин 25 литрийн хуванцар канистер 40 мянган төгрөг гэх аж. Хуванцар савны хор хөнөөл нь тэр даруйдаа бус удаан хугацаанд явагдаж, өвчлөл хүндрэх шалтгаан болдог. Үүнийг төдийлөн сайн мэдэхгүйгийн хажуугаар ядуурлын түвшин өндөр манай улсын иргэд хямд үнэтэйг нь сонгох нь элбэг.
Олон улсын жишигт бол хуванцар савыг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялган тэмдэглэж стандартад нийцсэн тэмдэглэгээ бүхий савыг хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй. “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор“Сав, баглаа боодол” 2016-2020 үндэсний хөтөлбөрийг баталж байжээ.Үүнд нэг өрхийн хүнсний бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 50 хувь бууруулж 1-2 ширхэг болгох, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн хувийг 22 хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэх зорилтуудыг тавьсан билээ. Энэ үндэсний хөтөлбөр иргэдийг мэдээллээр хангаж чадсан болов уу.
Хуванцар савны хэрэглээний талаар БЗД-ийн 5-р хорооны иргэн Х ярихдаа “ Хуванцар савны тэмдэглэгээний талаар өмнө нь сонсож байсан. 5,7 кодтой савыг хүнсний зориулалтаар ашиглаж болохгүй, хортой гэж л сонссон. Гэхдээ ундны ус авахдаа ашиглаж байгаа энэ цэнхэр канистераас код хайгаад олоогүй. Энэ савыг хэрэглээд 8 жил болж байна. Өмнө нь бас ийм савтай байсан. Хагараад шинийг авсан юм. Хорт хавдар үүсгэдэг гэж бол мэдээгүй. Хүний биед хортой л гэж дуулсан” хэмээн ярьж байлаа.Манай улс гаднаас химийн бодис импортлохоо зогсоон гэж нэгэнтээ үгүй. Тиймээс хуванцар савыг устгалд оруулах эрх зүйн орчинг гаргах нь зүйтэй юм. Үүнээс гадна иргэд хуванцар савны тэмдэглэгээг нэн түрүүнд хардаг болж, хямд үнийг бодохоос өмнө өөрийн эрүүл мэндийг тэргүүнд тавих хэрэгтэй. Өнөөдөр 40 мянган төгрөг хэмнэж байгаа мэт боловч хуванцар савыг хэрэглэснээс үүдэн 10-15 жилийн дараа 40 саяаар эмчлүүлэх шаардлагатай болно. Бидний хямд өртөгтэйгээр худалдан авсан сонголт хэдэн жилийн цаадах хэмжээлшгүй их хор хохирлоор дуусах эрсдэлтэй юм. Иймээс хорт хавдар, ахуй хэрэглээний нян бактерийн үржих орчин болдог савыг хэрэглээнээсээ хасч, зориулалтын савыг хэрэглэх нь зүйтэй.Амьдралын зөв хэвшил бидний эрүүл байх үндэс билээ.
Б.Хонгорзул