ОУВС: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүнд хямрал нүүрлэнэ

2020 онд дэлхийн хамтын нийгэмлэгийг Их хямралаас хойших хамгийн хүнд хямрал хүлээж байна гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг тус байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг "урьд өмнө байгаагүй" хямралын өмнө тулгараад байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. “"COVID-19” манай нийгэм, эдийн засгийн эмх журмыг аянгын хурдтайгаар, бидний оюун санаанд байхгүй хэмжээгээр алдагдууллаа" гэж ОУВС-гийн тэргүүн хэлэв. Георгиевагийн тэмдэглэснээр, энэ хямрал хэр гүн, хэр удаан үргэлжлэх нь хүн төрөлхтөнд хараахан тодорхойгүй байна. “Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд огцом унах нь хэдийнээ тодорхой боллоо. Үнэндээ бид Их хямралаас хойших эдийн засгийн хамгийн хүнд хямрал болно гэж таамаглаж байна” хэмээн ОУВС-гийн тэргүүн цохон тэмдэглэжээ.
Георгиевагийн хэлснээр, хямрал хөгжилтэй орнууд төдийгүй хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөлөөлнө. Удахгүй болох хямралд “хил хязгаар гэж байхгүй бөгөөд “бүгд нэрвэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ. Түүний урьдчилан таамаглаж байгаагаар, хэрэв коронавирусний цар тахал 2020 оны хоёрдугаар хагаст арилбал 2021 онд эдийн засаг хэсэгчлэн сэргэж эхэлж магадгүй байна.
ОУВС-гийн тэргүүн бүх улс орныг хамтдаа ажиллахыг уриалав. "Энэ бол нийт хүн төрөлхтний хүчтэй тал болох эв нэгдэл, эр зориг, бүтээлч байдал, энэрэнгүй сэтгэлээр нэгдэж даван туулах нийтлэг аюул юм. Бидний эдийн засаг, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөхийг бид одоохондоо мэдэхгүй байгаа боловч энэ хямралаас илүү тэсвэр хатуужилтай болж гарна гэдгээ мэдэж байгаа" гэж тэрбээр дүгнэн хэлжээ.





скачать dle 12.0

Холбоотой мэдээ