АНУ-ын ХНС бодлогын хүүгээ огцом буурууллаа

 АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Төв банк коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулснаа мэдэгджээ.
ХНС бодлогын хүүгээ өмнө нь гуравдугаар сарын 3-нд 1.5-1.75 хувиас 1-1.25 хувьд хүргэж бууруулж байв. “Ийм үед айл өрхөөс эхлээд аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт хэрэгцээг хангахад туслахын тулд “хөнгөлөлтийн цонх” ашиглахыг ХНС зээл олгогч байгууллагуудад уриалж байна” гэж тус сангийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Коронавирусний дэгдэлт олон улс орны, тэр дундаа АНУ-ын эдийн засагт ноцтой хохирол учрууллаа. Цар тахал эдийн засгийн үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв байдалд нөлөөлсөөр байх болно гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээд зэргээр дэмжих, үнийг тогтвортой байлгах, мөн инфляцаас зайлсхийхийг хичээж буйгаа АНУ-ын ХНС  тэмдэглээд бодлогын хүүг ийм түвшинд хүргэж бууруулснаар улс орны эдийн засагт сүүлийн үед болж буй үйл явдлын үр дагаврыг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ХНС-гийн шийдвэрийг сайшаажээ. “Энэ бол манай орны хувьд үнэхээр гайхамшигтай зүйл юм” гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 12-нд Америкийн индексүүд 7.9 хувиас 9.3 хувьд хүрч унасан бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болсон юм.
АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 3010 болж нэмэгдэж, 61 хүн нас барсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д дэгдсэн уг вирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдэгдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, вирусний халдвар 140 гаруй улсад бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 157 мянга давсан бол 6000 гаруй хүн нас барж, 75 мянга гаруй хүн эдгэрчээ.
Montsame.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ