“Хамтдаа халдварт өвчинтэй тэмцэж, хамтдаа урин хавраа угтъя”
-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн нийтлэл -
Коронавирусний халдвар сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяар тархлаа. Одоогоор 210 гаруй улс орон болон бүс нутагт халдвар гарч, нийт 1 сая 500 мянга гаруй хүн халдвар авсан байна. Хятад улс 3 сарын турш коронавирустэй тэмцэж асар их хүчин чармайлт, золиос гаргалаа. Ийм ч учраас энэ халдварт өвчинтэй тэмцэх тэмцлийн хүнд хэцүүг маш сайн ойлгож, бусад халдвар тархсан улс орнуудын ард түмний туулж байгаа тэр их шаналлыг бид адил мэдэрч байна. Энэ аймшигт халдварт өвчинд улс орон, үндэс, угсааны ялгаа гэж үгүй, халдварт өвчний өмнө хүн төрөлхтөн бол хувь заяаны нэгдмэл цогц билээ.
Коронавирусний халдвар сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяар тархлаа. Одоогоор 210 гаруй улс орон болон бүс нутагт халдвар гарч, нийт 1 сая 500 мянга гаруй хүн халдвар авсан байна. Хятад улс 3 сарын турш коронавирустэй тэмцэж асар их хүчин чармайлт, золиос гаргалаа. Ийм ч учраас энэ халдварт өвчинтэй тэмцэх тэмцлийн хүнд хэцүүг маш сайн ойлгож, бусад халдвар тархсан улс орнуудын ард түмний туулж байгаа тэр их шаналлыг бид адил мэдэрч байна. Энэ аймшигт халдварт өвчинд улс орон, үндэс, угсааны ялгаа гэж үгүй, халдварт өвчний өмнө хүн төрөлхтөн бол хувь заяаны нэгдмэл цогц билээ.
Хятад улсын халдварын эсрэг тэмцлийн хамгийн хэцүү цаг үед Монгол Улс болон бусад олон орноос Хятадад үнэт тусламж үзүүлсэн. Тэрхүү нөхөрсөг сэтгэлийг бид үргэлж санаж, нандигнах болно. Ши Жиньпин дарга, одоогоор олон улсын нийгэмлэгт хамгийн хэрэгтэй зүйл бол итгэлээ батжуулж, эе сэтгэлээ нэгдэж хамтдаа тэмцэх явдал бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бүх талаар бэхжүүлж хүн төрөлхтөнд тулгарсан энэхүү ноцтой халдварт өвчнийг хүчээ нэгтгэж ялан дийлэх хэрэгтэй хэмээн онцолсон. Хэдийгээр Хятадад халдварт тархалтаас урьдчилан сэргийлэх ажил дарамт ихтэй хэвээр байгаа ч бусад улс орнуудтай зовлон зүдгүүрт цаг үеийг хамтдаа даван туулахын төлөө бид тусламж хэрэгтэй улс орнуудад чадах бүхнээрээ туслахыг хичээсээр байна.
Улс орнуудын коронавирусийн тархалттай тэмцэх хамтын ажиллагааг дэмжихээр Хятад улс ДЭМБ-д 20 сая ам.доллар хандивласан. Мөн 120 улс, 4 олон улсын байгууллагад амны хаалт, хамгаалах хувцас, оношлуур, амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа. Өнөөдөр Хятадын зуу гаруй эмнэлгийн мэргэжилтэн судлаач халдвар голомтлон тархаж байгаа улс орнуудад гадаадын мэргэжил нэгтнүүдтэй мөр зэрэгцэн халдварт өвчинтэй тэмцэж байна. Эдгээрээс гадна Хятадын орон нутгийн засаг захиргаа олон улсын харилцаа, хамтын ажиллагаатай хотуудаар дамжуулан 50 гаруй улс оронд эмнэлгийн эд материалын тусламж үзүүлсэн. Хятадын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс ч мөн өөрсдийн зүгээс нийт 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагад эмнэлгийн эд материал хандивласан.
Бид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга, зөвлөмжөө олон хэл дээр гаргаж, мэргэжилтнүүдийн цахим хурал олон удаа зохион байгуулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цахим мэдээллийн төв байгуулж, түүнийгээ бүх улс орнуудад нээлттэй болгон тархалттай тэмцсэн туршлагаа бусад улс орнуудтай идэвхтэй хуваалцаж байна. Бид улс орнуудын нэн тулгамдсан байдалд нийцүүлж, чадамжтай аж ахуйн нэгж байгууллагыг нэмэлтээр ажиллуулж, тархалттай тэмцэхэд хэрэгцээт эд материалыг өдөр шөнө ялгалгүй үйлдвэрлэж олон улсын нийгэмлэгт, эмнэлгийн хэрэгсэл, эд материалын эрэлттэй буй улс орнуудад чадах чинээгээрээ ханган нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 30 гаруй улс, 2 олон улсын байгууллага Хятадын экспортлогч байгууллагатай эмнэлгийн хэрэгсэл, эд материал худалдан авах гэрээ байгуулсан байна. Хятадын талын дээрх хичээл зүтгэлийг олон улсын нийгэмлэг өндрөөр үнэлж байна.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Хятад улсад үүссэн нөхцөл байдал болон халдварт өвчинтэй тэмцсэн үйл явцыг эргэн харвал, энэхүү цочмог, урьд өмнө байгаагүй шинэ төрлийн вирустэй тулгарснаас хойш Хятад улс бүх чадлаараа хичээж, нээлттэй, ил тод, хариуцлагатай ажилласаар ирсэн. 2020 оны 1 сарын 3-ны өдөр Хятадын тал ДЭМБ, АНУ болон дэлхийн бусад улс орнуудад халдварт өвчний талаарх мэдээллийг албан ёсоор шуурхай хүргэсэн. БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 1 сарын 11-ний өдөр дэлхий нийтэд болон ДЭМБ-д вирусний геномын дарааллыг ил тод болгосон. Хятадын тал 1 сарын 23-наас Ухань хотоос гарах замыг хаах зэрэг урьд өмнө байгаагүй цогц, тууштай, хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ДЭМБ-аас Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн шийдэмгий, хүчтэй, шуурхай арга хэмжээ олон зуун мянган хүн халдвар авахаас сэргийлж чадсан гэж үнэлсэн. Олон улс орны удирдагчид, мэргэжилтнүүд, олон улсын хэвлэл мэдээллийнхний хэлсэнчлэн Хятад улсын авсан арга хэмжээ нь дэлхий нийтэд үнэт цаг хугацааг хожиж өглөө.
Хятад улс халдварт өвчний сэрэмжлүүлэг өгсний дараа, Монгол Улс хийгээд олон улс орнууд өндөр анхаарал хандуулж, ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр халдварт өвчнөөс үүдэн гарах сөрөг нөлөөг хамгийн ихээр багасгаж чадсан. Гэвч цөөн хэдэн улс орнууд эсрэгээрээ, эхэндээ Хятад улсын нүүрлэж буй хэцүү бэрхшээлийг гараа хумин зүгээр харж зогссон төдийгүй зовлонгоор жаргал хийж, Хятад улсын иргэдийн нэвтрэх хөдөлгөөнд хориг тавьж буйгаа хамгийн түрүүнд зарласан. Тэд Хятад улсын бүх чадлаараа халдварт өвчинтэй тэмцэж хожиж өгсөн үнэт цагийг дэмий үрж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өөрийн орны ард иргэдийг хамгаалах арга хэмжээг үл хайхран, оронд нь Хятад улсын халдвартай тэмцэх хатуу арга хэмжээг шүүмжлэхийг чухалд үзсэн. Халдварт өвчин эрчимтэй тархаж эхэлсний дараа, тэд халдварт өвчнийг улстөржүүлж, вирусийг ашиглан Хятад улсын нэр хүндийг сэвтээж, тэр ч байтугай өөрийн улсын халдварт өвчинтэй тэмцэх үйлсийн муу үр дагаварт Хятад улсыг буруутгаж, “Хятад улс уучлалт гуйх ёстой” гэх үзлийг сурталчилж, Хятад улсын гадаад улс орнуудад үзүүлж буй тусламж дэмжлэгийг хүртэл “геополитикийн хэрэгсэл” болгон харлууллаа. Миний бие Хятад улс бүх хүчээрээ улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь ачийг ачаар гэсэн нөхөрсөг сэтгэл, хариуцлагатай их гүрний үүрэг, мөн Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл санааны хэрэгжилт, хүчээ дайчлан хүний амь насыг аварч, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зорилготой бөгөөд улс төрийн тогтолцоо, геополитикийн бодлоготой ямар ч холбоогүй гэдгийг онцолмоор байна. Бид санаатайгаар зөрчилдөөн гаргаж, олон улсын халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааг сүйтгэх гэсэн үйлдлийг эсэргүүцэж байна. Мөн цөөн хэдэн улс орнуудыг ташаа ойлголтоосоо ангижирч, худал үгээ зогсоож, оюун чадлаа халдварт өвчинтэй тэмцэх болон өөрийн ард түмний эрүүл мэндийг хамгаалахад төвлөрүүлэхийг хүсэж байна.
Хятад, Монгол хоёр орон энэхүү халдварт өвчинтэй хамтдаа тэмцэж, харилцан тусалж, Хятад, Монгол хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин, хоёр орны ард түмний гүн найрамдлыг харууллаа. Саяхан, Хятадын Засгийн газар ,төрийн бус байгууллага, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олон хэлбэрээр Монголын талд санхүүгийн болон эд материалын тусламж үзүүллээ. Хятадын талын эрүүл мэндийн мэргэжилтнүүд Монголын талын мэргэжилтнүүдтэй олон удаа видео хурал хийж, коронавирусээр халдварласан өвчтөнийг оношлох, эмчлэн сувилах, хүнд өвчтөнийг эмчлэх зэрэг талын туршлагаасаа хуваалцаж, Монголын талын асуултуудад хариулсан. Хятадын ард иргэд Монголын халдварт өвчний нөхцөл байдалд өндөр анхаарал хандуулж, Монгол Улсын төлөө чин сэтгэлээсээ залбирч байна. Талуудын хамтын ажиллагааны үр дүнд хоёр оронд аль нэг талаасаа халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол гараагүй байгаа нь талархууштай. Монголын тал халдварт өвчний эсрэг өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайн хамгаалж байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг зохих ёсоор тусгаарлаж, сайн эмчилгээг үзүүлж байна. Бид Монголын талын халдварт өвчинтэй тэмцэхэд гаргаж буй хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байгаа.
Өвлийн хүйтэн өдрүүд өнгөрч, хаврын урь орж, цэцэгс дэлгэрсэн сайхан улирал айлчлан ирж байна. Хятадын тал дэлхий нийтэд мөнхийн хөршүүдийн харилцан туслалцдаг мөн чанарыг бодит үйл хөдлөлөөр таниулж, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг цогцлооход хувь нэмрээ оруулахын төлөө цаашид ч мөн Монголын талтай хамтран зүтгэхэд бэлэн байна. Дэлхийн улс орнуудын хамтын тэмцлээр хүн төрөлхтөн түргэн хугацаанд халдварт өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна.