“COVID-19” халдвараас сэргийлэх чиглэлээр хийгдэж буй хяналт шалгалтын явц байдал

 Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ
 1. Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай бүхий ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгэж, үйлчлүүлэгч болон ажилчдын биеийн халууныг хэмжиж үйлчлэх ажлыг дадал болголоо.
 2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.
Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжид 13500.0 мянган төгрөг, 2 иргэнд 770.0 мянган төгрөг, нийт 14270.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулан, 77 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлага, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, караоке үйлчилгээ явуулах 1 зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүллээ. Цаг хэтрүүлэн ажилласан 7, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 11, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй 2 зөрчил байна.
  3. Нийслэлийн засаг даргын А/168 захирамжийн хүрээнд:
Хог хаягдлаар орчноо бохирдуулж 50м хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 аж ахуй нэгж, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж зөрчлийг арилгуулсан. Мөн 57 зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй болгуулж, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгүүлж хяналт тавьж ажиллаж байна.
  4. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байдал:
МХЕГ-ын дэд даргын баталсан 01/119 дугаартай “Ахуйн болон эмнэлгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд шинжилгээтэй шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламж, Хан-Уул дүүргийн 15-р хороо Биокомбинатын цэвэрлэх байгууламж, Нисэхийн цэвэрлэх байгууламж, Хан-Уул дүүргийн 15-р хороо тусгаарлан ажиглалтын хүмүүсийг байрлуулж буй Энхсаран сувиллын цэвэрлэх байгууламж, ОБЕГ-ын Жаргалант сувиллын цэвэрлэх байгууламжуудад тус тус хяналт хийж нийт бохир усны 20 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хими, нян судлалын шинжилгээнд өгсөн. Мөн Туул голын 8 цэгээс усны 24 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хими, нян судлал, хүнд металлын шинжилгээнд өгөв. Шалгалт үргэлжилж байна.
  5. Нийтийн тээврийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байдал:
Нийтийн тээврийн үйлчилгээний Автобус-3 компанид том болон дунд оврын 58 автобуснуудад угаалга цэвэрлэгээ, гадна болон дотор тал тухайлбал хана туурга, цонх, шал болон зорчигчийн бариул, суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн байдал, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас автобусны дотор талд хийж буй халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж автобусны бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул зэргийгсойздож, үрж сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, хог хаягдлын савыг суллаж байх талаар зөвлөгөө өгч байна.
  6. Сүм хийдүүдэд хяналт тавьж ажилласан байдал
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан “Шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй шашны 48 байгууллагад хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Шалгалт үргэлжилж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ