Д.Трамп: “Их 7”-гийн уулзалтыг гольф ресортод зохион байгуулахгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг гольф ресортдоо зохион байгуулах төлөвлөгөөгөө цуцалжээ. Тэрбээр энэ талаар хэдхэн хоногийн өмнө олон нийтэд мэдэгдээд байсан юм.
2020 оны зургадугаар сард болох “Их 7”-гийн дараагийн уулзалтыг Майами хот дахь “National Doral” гольф ресортод зохион байгуулах төлөвлөгөөгөө цуцаллаа гэж Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт танилцуулсан уг төлөвлөгөөг Ардчилсан намын гишүүд болон олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрэгслүүд шүүмжилж, хувийн ашиг сонирхлынхоо төлөө албан тушаалаа урвуулан ашиглахыг оролдож байна хэмээн Д.Трампыг буруутгасан байна.
“Ардчилсан намынхан, хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлийн улмаас шийдвэрээ өөрчлөхөд хүрлээ. Уулзалтыг зохион байгуулах өөр газрыг хайх ажил удахгүй эхэлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.