"Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ"
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Харин энэ асуудлыг маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Есдүгээр сарын 1 хүртэл танхимын сургалтын үйл ажиллагаа явуулахгүй. Харин зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл явуулна. Сурагчдын анги дэвших дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно. Тиймээс сурагчид улирна гэсэн асуудал байхгүй. Мөн есдүгээр ангийн сурагчдыг улаан шугамаар жагсаахгүй. Бүх хүүхэд анги дэвшинэ. Нэгдүгээр ангийн элсэлт, цэцэрлэгийн бүртгэл, хувийн сургуулиудын элсэлтийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-наас хязгаарлаж, хэмнэлт хийх үүрэг өгсөн" гэсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн сургалтын төлбөрийн талаар "Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 158 ерөнхий боловсролын сургууль бий. Яамны зүгээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, ямар зохицуулалт хийж байгаа талаар ярилцсан. Сургуулиуд теле хичээлээс гадна сурагчидтай цахимаар ажиллаж байгааг хэлсэн. Зарим өндөр төлбөртэй сургуулиуд төлбөрөө хэдэн хувиар бууруулах асуудал ярилцаж байгаа юм байна. Мөн эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээ бий. Үүний дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа гэсэн. Үүнээс гадна төлбөрөө бүрэн авсан сургууль цөөн байна. Тиймээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд эцэг, эхчүүдтэй зөвшилцөж шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа” гэв.
Түүнчлэн одоогийн байдлаар ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулах хуваарь хэвээр байгааг хэллээ. Харин ЭЕШ өгөх сурагчдаас энэ жил монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн байна.