“Их-20” бага орлоготой орнуудын зээлийн төлөлтийг хойшлуулжээ
“Их-20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар бага орлоготой орнуудад коронавирусний тархалттай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс тэдгээр орны зээлийн төлөлтийг хойшлуулахаар тохиролцжээ.“Бидний одоогийн эн тэргүүний зорилт бол “COVID-19” цар тахал болон үүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нөлөөг даван туулах юм. Бид бодлогын бүхий л боломжит хэрэгслүүдийг ашиглан дэлхийн эдийн засагт дэмжлэг үзүүлнэ” гэж лхагва гарагт болсон цахим хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Хуралд оролцогч талууд эрүүл мэндийн тогтолцоо сул, бага орлоготой орнуудын зээлийн төлөлтийг энэ оны эцэс хүртэл хойшлуулах тохиролцоонд хүрчээ. Мөн “Их-20” ижил алхам хийхийг хувийн хэвшлийн салбарт уриалсан байна. Үүний зэрэгцээ тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эдийн засаг, санхүү зэрэг өргөн хүрээг хамарсан төлөвлөгөөг баталжээ.