“Балгас” болсон барилгын суурийг ашиглан хүүхдийн тоглоомын талбай байгуулна
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн төв Сүхбаатар сумын 7 дугаар багт энэ сарын 13-ны өдөр ажиллалаа. Тэрээр тус багийн нутаг дэвсгэрт буюу “гурил”-ын ягаан байрны дэргэд барихаар эхлүүлээд орхигдон балгас болсон хуучин байрны орчин нөхцөлтэй танилцсан байна.
Аймгийн даргатай хамт Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, газрын албаны мэргэжилтэн зэрэг холбогдох албаны хүмүүс дагалдаж, уг орчны нөхцөл байдал, хэрхэн яаж цэгцлэх, ямар боломж буйг харж, үзэж танилцсан аж. Энэхүү байр ХХЕГ-ын мэдэлд байдаг юм байна. Аймгийн зүгээс тус балгасыг цэгцлэхийг нь цэгцэлж, ашиглахыг нь ашиглаж, түүний дэргэдэх автомашины гараашийг чөлөөлөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал дэвшүүлээд байгаа юм. Эл саналаа ч ХХЕГ-т уламжлаад байгаа гэнэ.
Мөн энэ үеэр аймгийн удирдлагын зүгээс тухайн орчин дахь өнгө үзэмжгүй хашаа, нүхэн жорлон бүхий газруудын хууль ёсны эзэмшигч эзэдтэй уулзахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Түүнчлэн төв зам дагуу байрлах модон хашаа, түүн доторх нүхэн жорлонг буулгах хүртэл арга хэмжээ авч хотын соёлыг нэвтрүүлэхийг Сүхбаатар сумын удирдлагуудад үүрэг болгов. Ийнхүү хот тохижилт, орчны соёлжилтын ажлыг аймгийн зүгээс эхлүүлэхээр боллоо.