Сэлэнгийн засаг Ш.Оргил юунд холбогдов?
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь аймгийн 13 сумын талбайг хамардаг бөгөөд газар тариалангийн гол бүс нутаг гэгдэх Сэлэнгэ аймаг уул уурхайн бүс болж овоолсон шороо, ухсан нүхээр дүүрч эхэллээ.Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр мэдээлж байв. Хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэж, алт олборлох явдал гаарсаар "дийлдэхгүй” нөхцөл байдалд хүрчээ.
Үүнээс гадна манай сайт өмнө нь Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар нь 300 га газрыг БНХАУ-ын хѳрѳнгѳ оруулалттай компанид 60 жилийн хугацаатай олгож, малын бэлчээр, атар газрыг "Хулгайлсан” тухай мэдээлж байв. Нутгийн иргэд малаа бэлчээх бэлчээр, тариалангийн газраа эргүүлэн авахын тулд эвлэлдэн нэгдэж, анхан шатны шүүхээс ялалт байгуулсан ч давж заалдах шатны шүүх ямар ч шийдвэр гаргаж, хэргийг эргүүлж мэднэ.
Атар газрынхаа 50 га газрыг сэндийлүүлж, гаднын компанид өгчхөөд байхад Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил тэргүүтнүүд газар нутгийнхаа төлөө дуугарсангүй, таг дуугүй суусаар.
Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил нь түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан гэх хэрэгт буруутган шалгагдаж буй мэдээллийг өнөөдөр сонин болон зарим сайтууд мэдээлж эхлэв.Уг мэдээллээр "...Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгслийг хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутган шалгаж байгаа” гэлээ.
Харин энэ мэдээлэл гарсны дараа Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар фэйсбүүк хуудаснаа МЭДЭГДЭЛ, ТАЙЛБАР гаргажээ. Үүнд уг мэдээллийг "...Ор үндэслэлгүйгээр хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн…” гэж үзэж байгаагаа бичсэн байна.
Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл засаг ноён Ш.Оргил өөрийн биеэр тайлбар хэлээгүйд учир байгаа юм. АТГ-т засаг дарга Ш.Оргил нь шалгагдаж байгаа нь үнэн билээ. Гэхдээ үнэхээр дээр хэлсэнчлэн дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан гэх хэрэгт холбогдсон уу? эсвэл алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байгаа эсэх нь удахгүй тодорхой болно.