Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын дарга Г.Занданшатарт Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм.
Тухайлбал, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан юм.
Уг хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн үйлчлэл болон коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, хамрах хүрээ, нэр томьёог тодорхойлох
- Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох
- Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.