“Наймаас доош суудал авсан өөр нам, эвслийн гишүүд нэгдэж бүлэг байгуулахыг хориглоно”
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь долоон бүлэг 50 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулжээ. Тухайлбал, УИХ зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрхийг хассан байна. Мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй талаар заажээ. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох, УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулган нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцсэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх, хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар батлах тухай зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар тодруулав. Ажлын хэсгийнхэн “Үндсэн хуулийн Цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, Цэц гишүүнийг энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргахаар төсөлд тусгасан” гэв.Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь нам, эвслийн бүлгийн талаарх зохицуулалтын талаар асуув. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орохыг, бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглохоор тусгасан. УИХ-д бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм” гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.