Ерөнхийлөгч Х.Баттулга УОК-т 5000 хамгаалах хувцас хандивлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5 000 ширхэг вирусээс хамгаалах тусгай хувцсыг худалдан авч, УОК-т хандивлалаа. Хандивыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархахаас сэргийлэхээр голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтэн, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгаа юм. Энэхүү хандив нь УОК, ЭМЯ болон бусад байгууллагын ажилд нэмэр болно гэж итгэж буйгаа уламжилжээ.
Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1 200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хэлэхдээ, "Тус компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд Польш улсын компаниас худалдаж авах санал ирсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байна. Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна" хэмээв.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагч, эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдэд хамгийн хэрэгтэй байгаа хамгаалах хувцсыг хандивласанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр худалдан аваад байгаа юм.
Худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн 50 хувийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгож, үүнээс тусгаарлах байр, тандалт судалгаа, лаборатори, халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг хангаж байна. Үлдсэн 50 хувиас 20 хувийг аюулгүйн нөөцөд авч, 30 хувийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгосон нөөцийн 25 орчим хувийг зарцуулаад байна.