Аса аваргын хандивласан хамгаалалтын хувцас ₮17 саяын үнэтэй

Сүмогийн их аварга Д.Дагвадорж олон улсын стандартад нийцсэн тахлын үед хэрэглэдэг хамгаалалтын битүү хувцас 400 ширхэгийг бэлдсэн мэдээлэлд монголчууд ихэд талархаж байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Энэхүү битүү хувцасыг Эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх, эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна” гэсэн юм. Түүний сонгосон хамгаалах хувцас бол дэлхийд тэргүүлэгч Tyvek фирмийн өндөр нягтралтай полиэтилен утсаар хийсэн эд. Биед хөнгөн, удаан эдэлгээтэй, амьсгалах чадвартай, ус, үрэлтэд тэсвэртэй, бактери нэвтрэхээс 100 хувь хамгаалдаг уг хувцсыг 1918 онд Японд дэгдсэн “Испани ханиад” хэмээх цар тахлын үед анх зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлжээ. Орчин үед олон хүн хамарч тархсан халдварт өвчний голомтод ажиллах эмч, ажилчдад зориулж JQ0315005 стандартаар үйлдвэрлэдэг болсон байна. 
Асашёорюү Д.Дагвадоржийн сонгож бэлдсэн хамгаалалтын өмсгөл нэг бүр нь 14.3 евро буюу 42 мянган төгрөгийн үнэтэй. COVID-19 халдварын үед Монгол Улсын хилээр оруулж ирэх амны хаалт, хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг гаалийн татваргүй оруулах журмаар чөлөөлснөөр нийт өртөг 17 сая төгрөг болох аж. Харин Засгийн газраас онцгой үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хэрэгсэлд 5.5 тэрбум төгрөг төсөвлөж, яаралтай хангалт хийхийг Эрүүл мэндийн яаманд үүрэг болгоод байгаа энэ үед далайд дусал нэмэр болж, иргэний үүргээ гүйцэтгэсэн их аваргын үйлс бусдад уриалга болох биз ээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ