Гал түймрээс урьдчилан сэргийлэх уриалга гаргав
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр зөвхөн 2020 оны 4 дүгээр сарын 10-27-ны өдрүүдэд ой хээрийн дөрвөн түймэр гарч, шар өвс шатаасны улмаас гал алдсан 122 тохиолдол бүртгэгджээ.
Үүний улмаас нийтдээ 105.5 га талбай түймэрт шатаад байна. Ой хээрийн түймрийн шалтгааны 90-ээс дээш хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэж байгаа тул иргэн бүр анхаарал болгоомжтой байснаар галын гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Иймд хаврын хуурайшилтын энэ үед ард иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийхээс гадна шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уриалж байна.