Г.Нэргүй: Өнжмөл шар өвс шатааж гал түймэр гаргасан иргэнийг зөрчлийн тухай хуулиар торгоно

Урин дулааны цаг ирсэн энэ үед гал түймрийн гаралт ихэсдэг. Ялангуяа хуурайшилт дээд цэгтээ хүрсэн байхад гэр хорооллын айлууд болон зуслангийн айл өрхүүд өнжмөл шар өвсөө шатааж эхлэдэг. Энэ нь цаашлаад гал түймрийн аюул дагуулахаас гадна өөрийн болон бусдын эд хөрөнгийг хүртэл хохироох өндөр эрсдэлтэй. Тиймээс ард иргэддээ анхааруулга болгох үүднээс НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйтэй уулзаж өнжмөл шар өвсний талаарх мэдээлэл болон гал гаргасан иргэдэд авах арга хэмжээний талаар ярилцлаа.
  • Он гарснаас хойш НОБГ-т хичнээн дуудлага ирсэн бэ? Тэдгээрээс хэд нь өнжмөл шар өвснөөс үүдсэн гал түймрийн дуудлага байв?
-Нийслэлийн Онцгой Байдлын Газарт он гарснаас хойш 556 удаагийн гамшиг ослын дуудлага ирсэн байгаа. Үүний 500 нь объектийн гал түймрийн дуудлага байсан бол ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй байна. Үлдсэн 56 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байгаа юм.
Харин объектийн гал түймрийн дуудлагаас шар өвс шатааснаас үүдэж гал гарсан 11 дуудлага ирсэн байна.
  • Зөвшөөрөлгүйгээр шар өвс шатаахыг хуулиар хориглосон байдаг уу?
- Угтаа бол ойн ногоон бүсэд ил задгай гал гаргахыг хориглосон байдаг. Өнжмөл шар өвс гэдэг бол өнгөрсөн жил ургаж үлдсэн өвсийг хэлдэг. Урин дулаан цаг ирсэн энэ үед хүмүүс хашаа хороо болон зуслангийнхаа шар өвсийг шууд шатаадаг. Энэ нь цаашлаад өөрсдийн эд хөрөнгө, амь насанд хүртэл аюул учруулж болзошгүй бөгөөд эко систем болон улсад маш их төгрөгийн хохирол учруулах эрсдэлтэй байдаг.
  • Өнжмөл шар өвс шатааж гал алдлаа гэсэн дуудлага 4 болон 5 дугаар сард эрчимтэйгээр нэмэгддэг байгаа шүү дээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байна?
-Бид ойн тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиудыг дагаж мөрддөг. Ялангуяа ойн тухай хуульд зааснаар гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11дүгээр сарын 10 хүртэлх хугацааг хавар намрын хуурайшилттай, түймэр гарах эрсдэлтэй улирал гэж үздэг. Энэ үед иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглодог байгаа. Тийм учраас дээрх хуулиудыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Байгаль Орчны газар, байцаагчид болон ойн бацаагч нар цаг наргүй ажилладаг. Мөн энэ эрсдэлтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Комиссын 02 тоот албан даалгавар гарсан. Энэ албан тоот нь “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” заасан байгаа.
Үүний дагуу бид ойн ногоон бүсийн аманд байршсан, мөн зуслангийн айл өрхүүд болон зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагуудад гал түймэр унтраах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулахаас гадна мэдэгдэл, санамж бичиг, зөвлөмжүүдийг хүргүүлдэг. Мөн өнжмөл шар өвсийг шатаахдаа хашаандаа зурвас татах, ил задгай гал асааж, үнс нурмаа хаяхгүй байх, зориулалтын нүх, болон тагтай саванд хийж байх талаар зөвөлмжүүдийг өгдөг. Хэрэв дээрх зөвлөмж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ойн тухай хууль, зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр тооцдог байгаа. Улмаар хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
  • Дээрх тохиолдолд гал гаргасан иргэдэд хариуцлага тооцож, зөрчлийн тухай хуулиар торгодог болсонбайгаа гэж хэллээ шүү дээ. Тэгвэл ямар ямар заалт байдаг вэ?
- Хэрэв шар өвс шатааж байгаад хариуцлага алдсан тохиолдолд мэдээж хэрэг хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнд зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр иргэний эрх үүрэг гэж байгаа, 15.2т хууль ёсны байгууллагын албан хаагчдын тавьсан албан шаардлагыг биелүүлээгүй тохиололд торгох болон нөхөн төлбөр олгуулах зүйл заалтууд байгаа. Ерөнхийдөө өнжмөл шар өвс шатааж гал түймэр гаргасан иргэдийг зөрчлийн тухай хуулиар торгоно гэж ойлгож болно.
  • Айлууд ихэвчлэн хашаа болон зуслангийнхаа шар өвсийг түүхээс төвөгшөөгөөд шатаачихдаг юм шиг санагддаг. За бас зарим нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болдог байх. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Дээр дурьдсанчлан ногоон бүсэд ил задгай гал гаргасан үйлдэл нь өөрөө зөрчил болоод явчихдаг. Тиймээс ард иргэд бол хашаа болон зуслангийнхаа шар өвсийг залхууралгүйгээр түүх хэрэгтэй, эсвэл заавал хаврын улиралд гэхгүйгээр намар хатахаас нь өмнө тасдаад авчих хэрэгтэй юм. Хэрвээ тэгвэл өөрсдийгөө болон бусдыг, мөн эд хөрөнгөө хүртэл хамгаалж чадна гэсэн үг.
  • Хөл хорины энэ үед айл өрхүүд зусланруугаа ихээр гарч байна. Өмнөх оны 4-р сард Богд уулын Богины аманд түймэр гарсан, мөн Гоодойн аманд 10 айлын байшин шатсан байсан. Тэгэхээр энэ жил ч мөн шар өвс шатаасны улмаас гал гарах магадлал өндөр байгаа байх. Тиймээс та ард иргэддээ юу гэж анхааруулмаар байна.
-Шар өвсний гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байгаа нь илт ажиглагдаж байна. Тиймээс олон нийтийн сошиал хэрэгсэл, мөн телевиз радиогоор явж байгаа Онцгой байдлын газар, цаг уурын газар зэргээс өгч байгаа зөвлөмж, сэрэмжлүүлгийг сайн сонсож зөрчил гаргахгүйгээр хуулиа дагаж мөрдөх, мөн байгаль орчноо хайрлах, ногоон бүсээ хамгаалах талаар зөв хүмүүжлийг үр хүүхэддээ олгох хэрэгтэй. Экосистем гэдэг бол бидний амьсгалж буй цэвэр агаарыг бий болгож байдаг зүйл учраас ногоон бүсээ хамгаалахын зэрэгцээ зуслангийн орчмын айл өрхүүд өнжмөл шар өвсөө түүж, аюулгүй байдлаар устгахын сацуу цахилгааны аюулгүй байдлаа сайн хангахыг зөвлөж байна. Мөн өндөр настан болон бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаараарай. Учир нь энэ үед эрсдэл маш их гардаг учраас зуслан, болоод байшингийхаа галын аюулгүй байдлыг сайтар сахиж бага насны хүүхдээр пийшин зуухны галлагаа хийлгэхгүй байлгах нь чухал бөгөөд хуучирч муудсан цахилгааны утсыг шинэчилж, шаардлага хангаагүй цахилгаан хэрэгслийг хэрэглэхгүй байхыг нийслэлийн ард иргэддээ анхааруулъя.
  • За баярлалаа.
-Баярлалаа.
Хаврын хуурайшилт эд ихэссэн энэ цагт хүн болгон магадгүй коронавирусруу анхаарлаа хандуулсан байгаа байх. Тиймээс анхааруулга болгох үүднээс ард иргэдээ болгоомжтой байж, ил задгай гал түлэхгүй, шар өвсөө шууд шатаахгүйгээр түүж байгаад тусгайлан бэлтгэсэн тагтай сав болон нүхэнд шатаахыг зөвлөж байна. Энэ нь алсдаа маш их хохирол учруулахаас гадна эд хөрөнгө болон ногоон эко системийг ч мөн устгах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс та бүхэн дор бүрнээ анхаарал болгоожтой байж гал түймрээс урьдчилан сэргийлье.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ